Зурган дээр үргэлж сайхан гардаг хүмүүсийг "фотогеничны” хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэдэнд "камер хайртай” байдаг гэх.
Фотогеничны байхын тулд заавал төрөлхийн үзэсгэлэнт
дүр төрхтэй байх шаардлагагүй. Тийм ч хөөрхөн биш атал дур булаам
сайхан харагддаг загвар өмсөгчид бишгүй бий.
Фото зураг бол тэр бүр бодит дүр төрхийг тусгаад байдаггүй. Үүний гол шалтгаан нь:
1. Фото зураг нь хавтгай, бодит байгаа орчин нь зурагны хэмжээгээр хязгаарлагддаг.
2. Бодит өнгө, гэрэл, контраст нь фото дүрсэн дээрхтэй тэр бүр адилхан байж чаддаггүй.
3. Бодит байдал дээр тухайн объект өөр бусад олон зүйлээр хүрээлүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл фото зургийн бодит байдал нь хэзээ ч
зуун хувьтай байдаггүй. Фото зургийг хараад төрсөн сэтгэгдэл бодит
байдалтай хэзээ ч нийцдэггүй бөгөөд үүнийг их аялдаг хүмүүс илүүтэй
мэдэрдэг.
Гэрэлтүүлэг
Хэрвээ үзэсгэлэнт байгалын өмнө зургаа авахуулах бол
байгалийн өөрийнх нь гэрэлтүүлэг, хиймэл гэрэлтүүлгээс хамаагүй дээр
байх болно. Гэхдээ нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Юу гэвэл, нарны
эсрэг харсан бол фотоаппаратны гэрэлтүүлгийг унтраах хэрэгтэй. Үүнээс
гадна арын фонд нар байвал фото зурган дээр таны зөвхөн хар силуэт дүрс
л гарах болно. Өөр юу ч харагдахгүй. Наран сөргөө харж зургаа
авахуулахад нэг сөрөг тал бий. Та нүдээ цавчилж, онийлгодог. Нүдээ том
харахад хүчилсэн байдалтай харагдах болно. Иймд хурц нартай үед сүүдэрт
зогсч зургаа авахуулбал энэ бүх бэрхшээл үгүй болно. Гадаа зураг авах
хамгийн таатай үе нь өглөө, орой байдаг юм.
Тасалгаанд жирийн гэрэлтүүлэгтэй орчинд зургаа
авахуулах бол доороос гэрэл тавьж болохгүй. Ингэвэл нүүрэнд үүсэх
сүүдэр таныг "аймшигтай” дүр төрхтэй болгодог.
Ракурс
Фото аппарат, камерт хэт ойртох хэрэггүй. Ингэвэл таны
царай эсвэл бүүдгэр сүүмийсэн, эсвэл гажуу харагддаг. Хэрвээ доороос
тань өнгийж авбал урт хөлтэй болж харагдана. Гэхдээ болгоомжлох нэг
зүйл гэвэл камерт хэт ойртвол биеийн бусад хэсэгтэйгээ харьцуулахад хөл
тань хэт том болж харагдах вий.
Макияж
Зураг авалт хийхийн өмнө нүүрэндээ хэрхэн макияж хийх
вэ. Эхлээд нүүрээ сайтар угаах хэрэгтэй. Дараа нь лосьоноор арчаад,
бага зэрэг тэжээлийн тос түрхээрэй. Шинэхэн, цэвэр байдал нь сайн
макияж хийх чухал нөхцөл болдог.
Дараа нь суурь кремын тусламжтайгаар нүүрний арьсны өө
сэвийг жигд дарах хэрэгтэй. Суурь кремний өнгө таны нүүрний төрөлх
өнгөтэй ойролцоо эсвэл бага зэрэг цайвар эсвэл бараан байвал зүгээр.
Суурь кремээ зөвхөн нүүр төдийгүй, хүзүү мөр гээд ил задгай байгаа бүх
хэсэгтээ түрхэж өгөөрэй.
Энэ бүхний дараа энгэсгээ түрх. Их энгэсэг тавибал
таны нүүр царайны төрөлх байдал алдагдаж, дур булаам харагдаж чадахгүйд
хүрнэ. Иймд макияж хийхэд анхаарах нэг гол зүйл бол "Будаагүй юм шиг
харагдахаар” л будах хэрэгтэй.
Зовхины харандаа, хүрээлэгчийг маш нямбай хэрэглэ.
Ингэхгүй бол зурган дээр хоёр тод зураас болж л харагдах вий. Нүднийхээ
онцлогийг санах хэрэгтэй. Жижиг нүдтэй бол бүтэн тойруулж будаж
хэрэггүй. Илүү том харцтай болж харагдахын тулд тушь хэрэглэ. Нүдний
эргэн тойрон хар сүүдэр гаргахгүйн тулд доод сормуусаа битгий будаарай.
Хүн бүр л фото зурган дээр сайхан гарахыг хүсдэг. Тэр
тусмаа бүсгүйчүүд гэртээ сав суулга угаагаад зогсч байгаагаар бус харин
энхрий ялдам, дур булаам дүр төрхтэй зургаа авахуулахыг хүсдэг юм.
Тэгвэл зурган дээр сайхан гарах нь зөвхөн фото зурагчнаас гадна юуны
түрүүнд танаас өөрөөс тань ихээхэн хамааралтай аж. Ингэхдээ юуны
түрүүнд үсэндээ анхаарлаа хандуул.
Заримдаа баяр ёслолын арга хэмжээний үеэр жинхэнэ "Од”
мэт харагдахын тулд үсний лак, гялалзуулагч хэрэглэдэг. Дискотекийн
үеэр өнгө өнгийн гэрэлд энэ нь бүр ч дур булаам, нууцлаг харагдах
талтай. Гэвч фотозурган дээр харин эдгээр гялалзуулагч нь яг л үсний
хаг мэт гардаг. Мөн сэвсийлгэж янзалсан үс нь зарим тохиолдолд налмигар
харагдах жишээтэй.
Нүүрэндээ анхаарах
Фото
зураг авахуулахын өмнө хүн бүхэн л толинд хардаг. Макияж хийхдээ бүдэг
цайвар өнгийг сонго. Ингэхдээ ямар ч блеск, гялалзсан будаг сонгох
хэрэггүй. Уруулаа бага зэрэг өнгөлөхөд зурган дээр хангалттай будсан
гардаг. Хэрвээ та уруулаа хүрээлж будсан бол түүнийг уусгаж өгөх
хэрэгтэй Ингэхгүй бол царай тань зурган дээр илүү ширүүн дүр төрхтэй
харагддаг байна. Та том биш онигордуу нүдтэй юу? Тийм бол камерын дуран
руу духаараа эгцэлж харвал том нүдтэй гардаг. Хэрвээ уртавтар эрүүтэй
бол толгойгоо бага зэрэг бөхийлгөн, биеэ бүхэлд нь урагш түрж зогс.
Хэрвээ том хамартай бол зургаа томоор авахуулахаас аль болох зайлсхийх
хэрэгтэй.
Галбиртаа анхаарлаа хандуул
Ямар байдалтай зогсвол зурган дээр аятайхан гардгаа
мэдэхийн тулд гэртээ зав гарган сургуулилах хэрэгтэй. Бизнес хатагтай,
романтик бүсгүй, хатуу чанга багш, тачаангуй эмэгтэй гээд олон дүр
төрхөөс аль нь танд илүүтэй таалагдаж байна. Энэ нь таны сонголт.
Гялалзсан тод өнгийн торгон оймс нь заримдаа хөлний өө сэвийг улам
тодруулдаг тул бүдэг цайвар өнгийг сонговол дээр байдаг.
Хэрвээ та өөрийн фото цомогтой болохыг хүсвэл юуны түрүүнд зурагчнаа олох хэрэгтэй.
Мэдээж хүн бүрт мэргэжлийн сайн зурагчин тэр бүр олдоод байхгүй. Тиймд
өөрийн найз нөхдөөсөө хэн нэгнийг гуйх хэрэгтэй болно. Харин зураг
сайхан гарах эсэх нь таны сэтгэл санаанаас ихээхэн хамаардаг тул хэнтэй
хамт байхдаа чөлөөтэй тухтай байж чаддаг тэр хүнийг зурагчнаар сонго.
Зураг авах нь зөвхөн товч дарах асуудал биш таны биеэ бариагүй чөлөөтэй
байдлаас ихээхэн хамаатай.
Зураг авахуулах газраа зөв сонго. Моодны ихэнх
сэтгүүлүүд зураг авалтын тусгай талбайтай байдаг. Хэрвээ танд үнэ,
байрлал, төлбөр зэрэг нь таалагдсан бол ийм зориулалтын газарт зургаа
авахуулах нь илүү дээр байдаг. Мэргэжлийн зурагчинг сонгохдоо бусад
хүмүүсийн захиалгын дагуу авсан зургуудыг нь заавал үзэх хэрэгтэй.
Таалагдахгүй бол өөр зурагчинг сонго.
Францын кино зураглаач Луи Деллюк хүмүүсийг хоёр
үндсэн хэсэгт ангилж үздэг аж. Түүний энэ ангиллаар бол фотогеничны
буюу зураг нь жинхэнэ төрхтэйгээ таардаг хүмүүс. Харин нөгөө нь
фотогеничны биш буюу зураг авах үед жинхэнэ төрх нь алдагддаг хүмүүс.
Тэгвэл
оросын шилдэг кино найруулагч Всеволод Пудовкин зураг авалтын үед хүний
царайг сонгохдоо зөвхөн нэг л шалгуур тавьдаг байсан нь нүүрний
тодорхой дүр төрх, нүүрний хувирал, илэрхийлэл байжээ.
Нүүрний зөв пропорцтой, дүр төрхтэй хүмүүс байдаг.
Тийм хүний царайг зурахад илүү хялбар байдаг аж. Тэгвэл ийм шинж
чанаргүй ч гадаад дүр төрхөнд нь дотоод бодол санаа нь амархан илэрч
гардаг, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүсийг зурахад бас л хялбар байдаг гэж
зураачид ярьдаг байна.
Хөрөг зураачдын хувьд хамгийн чухал нь хүний дотоод
ертөнцийг нүүр царайнд нь тусгах явдал байдаг. Иймээс ч тэд хүний
дотоод ертөнц, бодол санааг гадна төрхөөс нь хайдаг юм. Хүний нүүрний
хөдөлгөөн бүр дотоод ертөнцийг уудлан гаргаж байдаг. "Гадаад төрх”
хуурмаг гэдэг хэдий ч зураач хүний нүд хүний царайн дээрх хувирал
бүрийг анддаггүй. Хувь хүн бүр дахин давтагдашгүй өөрийн гэсэн
онцлогтой. Энэ л онцлог дүр төрхийг фото зураг эсвэл хөрөг зурганд
буулгах нь мэргэжлийн хүмүүсийн хүсэл байдаг юм. ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|