"2010 онд 324 тэрбум төгрөгийг иргэдэд хуваарилна”
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал
хийлгэлээ. Тэд өнгөрсөн сарын 30-нд буюу 2009 он дуусахаас хоёр
хоногийн өмнө баталсан УИХ-ын тогтоолынхоо тухай мэдээлэл хийсэн юм.
Энэ бол мэдээж хүн бүрийн анхаарлыг зүй ёсоор татаад буй иргэн бүрт олгох 70 мянган төгрөгний асуудал.
УИХ ашигт малтмалаас олсон орлогоо хуримтлуулах Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлаад байсан.
Үүний хүрээнд Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх
хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай болон Иргэний шинэчилсэн бүртгэл
явуулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг
арванхоёрдугаар сарын 30-нд хийж, тогтоолуудыг анхны хэлэлцүүлгээр нь
баталсан.
Энэ тухайгаа өнөөдөр Д.Дэмбэрэл дарга ярихдаа "Хүүхдийн мөнгөнд жилд
дунджаар 136 тэрбум төгрөг төсөвлөгддөг байсан. Харин энэ жилийн хувьд
ашигт малтмалаас олох орлого Хүний хөгжлийн санд 324 орчим тэрбум
төгрөгний хуримтлал үүсгэнэ. Үүнийг бид иргэддээ хуваарилж өгөх юм.
УИХ-аас энэ онд иргэн бүрт 70 мянган төгрөг өгөхөөр тогтоол гаргалаа.
Харин иргэдэд мөнгийг хэрхэн тараах талаар Засгийн газар журам гаргаж
ажиллах юм” гэлээ.
Засгийн газраас ирэх сарын 1-ний дотор 70 мянган төгрөгийг хэрхэн тараах тухай журмыг бэлэн болгох юм байна.
Иргэдэд мөнгө тараахтай холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэл
зайлшгүй шаардлагатай болно. Тиймээс ч Иргэний шинэчилсэн бүртгэл
явуулах тухай УИХ-ын тогтоол давхар батлагдсан байгаа.
УИХ-ын даргын мэдээлж буйгаар энэ оны аравдугаар сар хүртэл Иргэний шинэчилсэн бүртгэл үргэлжлэх юм байна.
Урьдчилсан байдлаар 70 мянган төгрөгийг хамгийн түрүүнд өгөх боломжтой
хүмүүст хүүхдүүд, тэтгэврийн хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд
яригдаж байгаа билээ. Учир нь тэд сар бүр хүүхдийн мөнгө авах,
тэтгэвэр, тэтгэмж авдаг болохоор иргэний бүртгэл нь харьцангуй
цэгцэрсэн байдаг аж.
УИХ юутай ч тогтоолуудыг баталсан. Одоо хэрэгжүүлэх ажил Засгийн газарт оногдоод байна.
Иргэдийн гар дээр 70 мянган төгрөг бэлнээр шууд очих нь инфляци өсөхөд
нөлөөлөх вий гэсэн асуултад Д.Дэмбэрэл дарга хариулахдаа "2010 онд
Хүний хөгжил сангаас 300 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд өгч зах зээлд
гаргаснаар эдийн засгийг амилуулж буй хэлбэр. Иргэд банкны зээлд төлнө,
хадгаламжиндаа хийнэ, бараа, үйлчилгээ авах зэрэг нь эдийн засгийг
эрчимжүүлсэн хэрэг болж байгаа хэрэг. Энэ бүгдийг тооцож 2010 оны
инфляцийг бид төсөвт тусгасан байгаа.
Мэдээж 2,7 сая хүнд нэгэн зэрэг 70 мянган төгрөг тараагаад өгөхгүй нь
ойлгомжтой. Иргэн бүрт дэвтэр нээгдэнэ. Хэзээ, ямар байдлаар тараах вэ
гэсэн графикийг Засгийн газар маш нарийн судалсны үндсэн дээр гаргах
биз. 70 мянган төгрөгийг иргэн бүрт тараахаар 150 орчим тэрбум төгрөг
болно. Дараагийн ээлжний мөнгийг хэрхэн хуваарилахыг УИХ тухайн үед
шийдэх юм” гэлээ.
Ийнхүү улстөрийн намууд сонгуулийн амлалтаа эхнээс нь биелүүлж байгаа нь энэ аж.
Нийт иргэдэд гар дээр нь шууд бэлэн мөнгө тараах нь нийгмийн зарим хэсэгт огт таалагдахгүй байгааг судалгаанууд харуулж буй.
Бэлэн мөнгө тарааж байснаас томоохон бүтээн байгуулалт, ажлын байрыг
бий болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс олон байгаа билээ. Үүнд
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооны дарга Д.Арвин тайлбар хийсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Ашигт малтмалаас олсон орлогоор иргэдийн ярьж байгаа
бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Мөнгө тарааж байгаа нь ашигт
малтмалын орлогын цөөхөн хувийг эзэлж байгаа. УИХ-аас ажлын байр бий
болгох, бүтээн байгуулалт өрнүүлэх, хотын утааг арилгах зэрэгт тодорхой
ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ямар ч байсан УИХ-ын гишүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай ажиллаж байгаа” хэмээсэн.
Иргэдэд тараах мөнгөний эхний ээлжийг Оюу толгой орд газрын ашиглахтай
холбогдуулан байгуулсан Урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу орж ирсэн
100 сая ам.доллараас гаргахаар ярьж байгаа юм байна.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|