Пүрэв, 2024-11-28, 7:28 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 21 » 13 дахь болзоо (8)
0:05 AM
13 дахь болзоо (8)
http://stat.gogo.mn/images/advice/bolzoo.jpg

Амьдрал хэмээх их аяныг гар гараасаа хөтлөлцөн хамт туулах аз жаргалт хос мэт гарсан гэрэл зургаа би өрөөнийхөө ханан дээр бахархалтайгаар өлгөснөөс хойш хоёр сар өнгөрчээ. Монголд төдийгүй Ази, Европын сэтгүүлүүдийн хавтсыг гэрэл зургаараа чимсэн Ханхүү минь мэргэжлийн фотомодел нэгэн байжээ. Яг л зураг шиг сайхан залуу гэж бүгд дуу нэгтэй шагшрах түүнтэй чамгүй дотносон өнгөрүүлсэн мартагдашгүй есөн долоо хоног.

Хамгийн үнэтэй тансаг гэх амралтын газрууд, ресторан, дэлгүүр хоршоо гээд бид хоёрын хамт явдаггүй газар гэж үгүй. Хаа ч гэсэн түүнийгээ хөтлөөд явахад энэ л өдрийн төлөө өдий хүртэл амьдарч ирсэн юм шиг нүүр бардам. Гэвч өөрөөсөө нуух гээд ч чадамгүй мэр сэрхэн сэтгэл гонсойлгом зүйл гарч ирэх болов. Үлгэрийн ханхүү гэж шүтэн биширч байсан хүнээсээ өө сэв олж харах нь хичнээн урам хугарам гэдгийг дурласан хүнээ бурхан мэт шүтэн тахигч хэн ч гадарлана буй заа.

Айлын эрх охин ч гэлээ хамаатны олон хүүхэд дунд шаагилдаж өссөн би гэдэг хүн заримдаа хэрийн эр хүнээс дутахгүй эршүүд чанар гаргах нь бий. Гэтэл сэхээтний гэр бүлд төрж өссөн бардам ихэмсэг хархүү минь хааяа дэндүү гэмээр эмзэг зөөлөн чанар цухалзуулах аж.

Монголдоо нэрд гарч яваа залуу зураачийн үнэ бүхий зургийг Ханхүү их л өндөр үнээр худалдаж аваад гэрийнхээ хананд өлгөхөөр боллоо. Урлагийн мэдрэмж өндөргүй гэж өөрийгөө зэмлэх би арай ч гэмээр хийсвэр зурагных нь үнэн утгыг ухаараагүй ч урлаг мэддэггүй бүдүүлэг нэгэн болж харагдахгүйн тулд хэлээ хазаж өнгөрүүлэхийг илүүд үзэв. Гол асуудал уг зургийг ханан дээр хэрхэн хадахаас эхэлсэн юм.

  • - Хана өрөмдөж хадаас тогтоодог мэргэжлийн хүн дуудчихсаан.
  • - Үгүй ээ, чамд хадаас байвал заавал тэгж төвөг удалгүйгээр өөрсдөө л хадчихъя л даа.

Ганцхан хадаасны төлөө дуудлага өгөх хэрэгтэй байсан эсэхийг бүү мэд. Дэлгүүр гарах хойгуур нь сайхан сэтгэл гаргаж, санаачлагаараа өнөө зургийг хадчихсан намайг хараад тэр баярлах биш, бүр царай нь барайн бухимдаж эхэлдэг байгаа. Миний хичээж хадсан минь түүний санаанд огтоос нийцсэнгүй. Зөрүүдэлсээр өнөөх хүмүүсээ дуудаад зургаа өөр газар өлгүүлсэн билээ.

Удаах тохиолдол нь Ханхүүтэй зусланд амарч байгаад хамаатных нь гэр бүлтэй таарсан явдал байв. Нэг нь гурван настай, нөгөө нь зургаатай хоёр хөөрхөн хүүтэй уриалагхан байрын залуу хостой мэндлээд өнгөрөхийн зуур усан буу барьсан бага хүү нь Ханхүүгийн өмднөөс зууран дээшээ өргүүлэх гэж эрхэлсэн ч тэр тоосонгүй. Түүгээр ч үл барам тэднээс салмагцаа бараа нь холдоогүй байхад өмдөө гүвсэнийг дурдалгүй болохгүй. "Хүүхэд дэндүү ядаргаатай" гэж өв тэгш залуу минь хээвнэг хэлээд юу ч болоогүй мэт миний гараас хөтлөн урагшиллаа.

Хамтдаа хоолонд орох, ийш тийшээ явах болоход эхний хэдэн тохиолдлоос хойш тэр тооцоо хийх болоход миний гарыг харах болов. Зөөгч тооцооны хуудсаа авчрах үед тэр нүд рүү минь биш, харин гар луу минь харна. Би ч ингэх нь ердийн заншлаас тэгтлээ хазайхгүй гэж үзэн тооцоо хийхдээ цааргалахгүй. Гэвч ажиглаад байхад тэр нэг удаа хоолны мөнгийг төлсөн бол дараагийн удаа надаар төлүүлэх гэж эрмэлздэгийг би аяндаа анзаарлаа. Дэндүү шударга тооцоотой энэ зарчмыг буруутгах нь хэцүү ч нэг насны ханиа гэж сонгох хүнээсээ ийм зан чанар цухалзахыг харахад эрхгүй сэмхэн урам хугармаар.

Эдгээрээс өөр миний өдий хүртэл цөхрөлтгүй хүлээсэн Ханхүүд минь өөчилж гоочлох зүйл байсангүй. Их сургуулийн захирал аавтай, ээж нь загвар зохион бүтээгч, өөрөө загвар өмсөгч, нэртэй сургуулийг дүүргэсэн, царайлаг, ухаалаг, хэн ч харсан өөлөх юмгүй залуу. Миний хүсэн хүлээж явсан хүн тэр мөн. Олон жилийн өмнө учраад эргэн нийлсэн ховор тохиолдлыг ч хувь заяаны бэлэг гэхгүй яах билээ. Товчхондоо надад сэтгэлээр унах ямар ч шалтгаан байсангүй. Бүх зүйл төгс байлаа.

Төгс төгөлдөр...Магадгүй асуудал нь энэ байсан ч байж мэднэ. Хэтэрхий төгс, дэндүү өөлөх зүйлгүй байх нь асуудал болдог юм гэж үү? Хананд зураг хадахын оронд хүнээр хийлгэдэг, айлын хүүхдийг өргөж эрхлүүлэхээс татгалздаг, эрх тэгш байх зарчим баримталдагийнх нь төлөө түүнийг буруутгаж болох уу? Хажууд минь ажиггүй тайван нойрсох түүний үзэсгэлэнт царайг ширтэн, шанаагаа тулан би ийн бодлогошроно. Үзэсгэлэнт гэж тодорхойлохоос өөр замгүй түүний хүүхэн хүн атаархам цэвэрхэн царай хүртэл асуудал ч юм шиг.

Цас ханзран, газар ов тов хайлмагтан харлаж, залхуу хүргэм хаврын шар наран нозоортол ээнэ. Ажлынхаа ширээний ард, нүдээ онийлгон, хайртай балаа амандаа зуун тухлан суусан би юу ч дутуугүй мөртлөө нэг л хөндий санагдах амьдралаа эргэцүүлнэ. Өмнө нь хүсч байсан бүхэн надад байна. Ажил амьдрал тэгширч, хамгийн гол нь нэгэн биений тал болох Ханхүүгээ олчихсон, тэгээд хамгийн итгэмгүй нь тэр надад бас хайртай...Хайртай гэснээс тэр нээрээ надад хайртай гэж хэлээгүй юм байна шүү дээ. Гэхдээ тэр халуун тэврэлт, дотно үнсэлт, энхрийлэл, халамж анхаарал нь хайртай гэдгийг нь илэрхийлэхэд хангалтай биш гэж үү?

Гэнэтийн цочирдом гэрлэх санал тавьснаасаа хойш алга болчихсон Түвшинг энэ үед гэнэтхэн бодлоо. Яагаад ч юм нуурын мандлыг санагдуулам дөлгөөн, ирэх цагийн нар шиг дулаахан тэр залуугийн учирлаж аргадсан харцыг би тодоор санах юм. Хэрэв Ханхүүгийн биед түүний мөн чанар, дотоод сэтгэлийг суулгачихвал яг төгс хүн гарч ирнэ дээ. Амьдралд яагаад тэгш зүйл байдаггүй юм болоо.

Миний хийсэн сонголт үнэхээр зөв байсан уу гэдэгт яагаад би одоо эргэлзэнэ вэ? Эсвэл энэ хүний хэзээ ч ханаж цаддаггүй даврамтгай зангийн илрэл үү? Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, элдэв бусыг бодолгүй Ханхүүтэй зохиох ирээдүйдээ анхаарах хэрэгтэй юм болов уу? Муухан савангийн дуурь шиг хачирхалтай үйл явдлууд өрнөсөн сүүлийн хагас жил миний тархи хэзээ ч ажиллаж байгаагүйгээрээ их ажиллаж, хээрийн салхи шиг эрх чөлөөт амьдрал минь ингэж толгойны өвчин болох ч гэж.

Миний санаашрал, бодлогошрол ингээд дуусах учиргүй байж. Орой гэртээ харивал ээж минь нүдээ бүлтийлгэн их л сандарсан байртай угтаж, нүд орой дээр гарах мэдээ надад дуулгав.

  • - За хүү минь, чамайг би өнөө яриад байсан бөөдөө үзүүллээ. Амь насанд чинь их цөв байна гэж байна. Би л амжиж үзүүлээгүй бол балрахаа шахсан байна шүү дээ.
  • - Юун дэмий юм яриад байгаа юм бэ ээж. Тийм хүмүүст битгий итгэж бай гээд байхад.
  • - Ёстой ороод ирсэн хүнээс нэг ч юм асуулгүй бүгдийг нь нэвт шувт харж хэлдэг айхтар хүчтэй хүн байна. Шууд л охины чинь амь насанд аюул учраад байна гэж хэлсэн гээд бодчих.
  • - Яасан муу ёртой юм бэ. Битгий оч гээд байхад.
  • - Үгүй чи сонсож бай л даа. Чамайг учрах ёстой хүнээ гомдоогоод явуулчихсан байна, ер нь ч олон хүн гомдоож байсан юм байна. Энэ жилдээ багтаж хүүхэдтэй болохгүй бол тэр аюулаас зайлахгүй гэж байна.
  • - Ээж ээ, та юу ярина вэ. Одоо хэдэн сар билээ? Би яаж амжиж хүүхэд гаргах юм. Тэгээд нөхөр ч байхгүй байж.
  • - Тэр хамаагүй ээ, жирэмсэн болоход л болоо биз дээ. Нас чинь ч явчихлаа. Ямар ч байсан нэг юм дагуулж ирээд, хүүхэд шуухадтай болж санааг минь амраагадах. Ямар тоглоом биш. Ер нь яаж намайг зовоох гэсэн хүүхэд вэ гэснээ ээж минь нулимсаа бөмбөрүүлэн юу юугүй уйлаад эхэллээ.

Барагтайд нулимсаа үзүүлэн уйлж унждаггүй ээжийнхээ энэ төрхийг харсан надад хүнд цохилт болж, дотроо хэдий "Үгүй тийм юм байхгүй. Худлаа" гэж өөртөө хичнээн хэлсэн ч сэтгэлийн мухарт "Тийм байвал яана" гэсэн бяцхан айдас төрөх юм. Үгүйсгэхийг хичээх тусам, үгүй гэж итгүүлэх гэсэн зүйл минь үлээдэг шаар шиг томрон, хэзээ мөдгүй их дуу тавин хагарах гэж байгаа ч юм шиг.

Маргааш нь өдрийн цайны цагаар сэтгэл нэг л төвдөхгүй байсан учир найз хүүхнийхээ таньдаг төлгөчийг зорин очлоо. Худлаа шүү дээ, худлаа гэж өөртөө үнэмшүүлэх гэх мөртлөө өөрт таалагддаггүй тэр аргаар худал гэдгийг нь батлах гэж оролдох хачин араншин. Монгол гэрийн хээтэй модон хаалгаар орох хүртлээ эргэлзээ минь хормойноос чангаасан хэвээр. Тавь шүргэж яваа болов уу гэмээр шодон сахалтай, хөдөлж барих нь хүүхэд шиг шалмаг ахимаг хүн, гар дээрээ зоос хаяснаа надруу нэг том харж,

  • - Хүн их гомдоодог хүүхэд юм аа чи. Их л сайн хүнийг гомдоож. Тун удахгүй айл гэр болох юмдагаа? Ерөнхий ноён нуруу, төлөв байдал сайн байна. Бүр их удахгүй хүүхэдтэй ч болох юм байна.
  • - Миний амь насанд аюул байна гэж хэлсэн юм л даа.
  • - Тийм айхтар юм алгаа хүүхээ. Ер нь сайн л яваа юм байна шүү дээ. Олон юм бодох хэрэггүй.

Бид хоёрын хооронд товчхон өрнөсөн яриа цээжин дээр дарсан хар чулууг аваад хаячих шиг болж, гадаа гарсан хойноо цээж дүүрэн амьсгаллаа. Харин удахгүй гэрлэнэ, бүр хүүхэдтэй болно гэсэнд нь сэмхэн дотроо баяртай, бүр инээд хүрэн жуумалзаж, Ханхүүтэй амьдрах ирээдүйн тухай төсөөлөн байтал утас жингэнэн дуугарав.

  • - Мандхай минь, чи хаагуур яваад байнаа? Одоохон гэртээ хүрээд ир, бушуулж үз.

Ээжийн минь амьсгаа дээгүүрхэн хэлсэн үг мууг ёрлох мэт түгшүүр төрүүлж, хамгийн түрүүнд хэн нэгний бие муудаагүй байгаа гэсэн айдас арай гэж сэргэж байсан сэтгэлийг минь няц дарж, хар хурдаараа гэрийн зүг яарлаа. Үүдээр дөнгөж орвол бөмбөр нүдэх мэт чимээ гарч, ээж хувцсаа тайлангуут минь гараас хөтлөн, зочны өрөөнд газар дэвссэн олбогон дээр сөхрүүлэн суулгав. Ээжийн минь ихэд шүтдэг өнөө танил бөө онгод сүлдээ дуудах нь тэр бололтой, бүрэн хувцас хэрэглэлтэйгээ бөөлөх зэрэг нь харахаас сүрдэм. Тэгснээ ээжийн зассан суудал дээр сууж, их л аялгатай хэлээр, бүр настай хүний гэмээр дуугаар ярьж эхэллээ. Хажууд нь суусан залуу бүсгүй үл ойлгогдох яриаг нь бидэнд орчуулан, байн байн урт гаансыг нь дөхүүлэн, асааж өгнө. Миний дотор гэнэтхэн харанхуйлан, муухай оргиж, юу юугүй бөөлжмөөр болон санд мэнд угаалгын өрөөндөө орж, баахан огилоо. Юуны ч юм нэг л таагүй үнэр орж ирсэн цагаас үнэртсэнээс болсон байж ч мэднэ.

Янз бүрийн кинон дээр хэдэн арван удаа харсан бүсгүй хүний гэнэт огих зураглал хамгийн түрүүнд нэг том асуулт ургуулдагийг бүгд мэднэ. Арай? Жирэмсэн болчихоогүй биз гэсэн асуулт том алхаар цохих шиг балмагдуулж, бушуухан галын өрөөндөө орж, ногооны савнаас сонгино гаргаж ирэв. Ээж намайг тээж байхдаа сонгино үнэрлэж чаддаггүй байсан гэснийг санан хамартаа ойртуулмагц тэсэхүйеэ бэрх дотор муухай оргин шууд л огилоо. Түгшүүр минь бяцхан айдас болсон би тэр дороо өрөөндөө орж, тэмдэглэлийн дэвтрийн завсар хадгалж байсан жирэмсний тестийг аван угаалгын өрөөний хаалгыг татлаа.

Улаан өнгийн нэг нь бүдэгхэн, нөгөө нь илүү тод хоёр зураас "Ингээд ээж болж дээ" гэж тохуурхах шиг дурайтал гарч ирэхэд гэнэтийн цохилтонд нам даруулсан би ягхийтэл дороо суучихлаа. "Мандхай чи, ээж болох нь" гэж өөртөө хэлэхэд дааж давшгүй нэг том ачаа нуруун дээр минь юу юугүй ачаад тавьчих шиг, Ханхүүгийн гайхсан, уурласан, бүр намайг орхиод явж байгаа төрх нэг орж гаран. Үгүй бол намайг тэврэн хөөрөн баярлах дүр бас үзэгдэн. Гэвч хамаатныхаа хүүхдийг төвөгшөөн зайлуулж, эгдүүцэх үедээ гаргадаг хүйтэн царай нь харагдах бүр эхний зураглал тодрон, удаах нь бүдгэрсээр.

  • - Мандхай, миний охион гараад ир. Чи яагаад түрүүн гүйгээд явчихав? Алив наашаа суу. Ээж минь их л нухацтай царай гарган, гадны хүн шиг урьж суулгахад эхний цохилтоосоо сэргээгүй би дараагийн хүнд цохилт ирэхийг мэдрэн, дээрээ хуралдах хар үүлийг эмээнгүй харж заасан газар нь суулаа.
  • - Ээж нь чамайг элдэв янзын хүнд мэдээ дуулгаж дарамтлах гэсэн юм биш. Гэхдээ чамд өчигдөр хэлсэн бүхнийг сая нотоллоо. Энийг тоглоом шоглоом мэтээр үзэх арга байхгүй. Чи одоо мөдхөн гуч гарлаа. Миний охин бүх юмаараа бусдаас хуруу илүү, хамгийн сайхан залуутай сууна гэж ээж нь итгэж хүлээж, нэг л өдөр ханиа дагуулаад ирэхийг чинь зөндөө хүлээлээ. Энэ хооронд чамд хайртай, дуртай гэж байсан хүмүүсээс зугтаж, голж шилэхийг чинь ч харлаа. Ээж нь чамайг насны амьдралаа хам хум шийдэж үрэн таран хий гэж байгаа юм биш. Харин хань ижил, үр хүүхэдтэй болж, эрүүл саруул явахыг чинь л харах хүсэл байна. Одоо миний охин уулзаж барьдаг боломжийн хүн байвал дагуулаад ир. Тэгээд болж бүтвэл, алийн болгон ингэж ганцаар явах юм, найр хуримыг чинь бэлтгэе.

Ээж минь хавьд үзэгдээгүй их л ноцтой байдлаар, бүр туйлын үнэмшилтэйгээр ярихад нь санчганд нь хяруу буусныг сая л тогтож харсан би бүр өрөвдөх шиг боллоо. Гэм хийсэн юм шиг үргэлж эрх охиныхоо таалалд нийцүүлэхийн тулд урдуур хойгуур минь бөндөгнөж явдаг залуу сайхан ээж минь хорвоогийн жамаар хөгширч эхэлснийг сая л би анзаарч. Өдий хүртэл зөвхөн өөрийнхөө хүслээр, ганц биенийхээ таалалд нийцүүлэн санаагаараа савж ирсэн би өрөөлийн төлөө, үгүй ядахад ачтай аав ээж хоёрынхоо төлөө юу хийснээ санах гээд чадсангүй. Тэд минь гэтэл аргаа ядахдаа бүр бөө удгандаа тулан байж надад ойлгуулах гэж ядах ч шиг. Аль хэдийнээ эмээ өвөө болцгоосон үеийнхэндээ хичнээн атаархдаг бол доо.

  • - Ээж ээ, охин нь өнөө маргаашгүй нөхөр болох хүнээ дагуулаад ирнээ.

Тэрхэн мөчийн сэтгэлийн хөөрөлдөө автан чанга дуугаар ингэж хэлчихээд би амаа барилаа. Хэлж зарлах нь бүү хэл, нууж дарагдуулан, шийдвэр гаргатлаа хүлээнэ, тэр мөртлөө хамгийн түрүүнд Ханхүүгийн зөвшөөрлийг авах гэж байсан зүйлээ ам дүүрэн, дур мэдэн хэлчихсэндээ өөрийгөө зэмлээд баршгүй. Ээжийн минь царай шуудхан гэрэлтэж, олон зүйл шалгаахаасаа урьт аавд хэлэх гээд хүүхэд шиг хөөрөн дэгдэн алга болж өгөв. Би харин ард нь бөөн хүнд бодолтой үлдлээ.

Хүргэнээ угтаж авна гэж хөл хөөрцөг болох ээж аав хоёроо орхиод, оройн хоолон дээр дагуулж ирэх даалгавартай гэрээс гарсан би Ханхүүгийн ажлын бараа ойртох тусам зүрх алдан, яаж хэлнэ гэхээс буцаад гүйчихмээр. Больчихдог ч юм уу гэж машин дотроо баахан сууж байснаа, ээжийн минь баярласан царай нүдэнд харагдахад, дуртай дургүй студийн хаалгаар хөлөө чирэн явж орлоо. Хайртай залуу минь, сэтгэлийн Ханхүү минь зураг авалтынхаа ид дунд явна. Торгон цамцны энгэрээ задгайлан, булчинлаг биеэ гайхуулж, унтлагын торгон хувцастай загвар өмсөгч бүсгүй рүү тонгойн харах байдалтай, хайртай хосуудын дүрээр зургаа авахуулах түүнийг харахаар гоо үзэсгэлэн, бардам ихэмсэгийн илрэл гэхээс аав ээжийн минь өмнө байцаалгаж суух халамжит хүргэний төрх өчүүхэн ч алга. Намайг хараад инээмсэглэн гараа даллах нь хүртэл сэтгүүлийн хавтсан дээрх зураг гэмээр нэг л хийсвэр ч юм шиг.

  • - Ууртай охин минь, бас хэндээ тунирхаад унжийчихсан билээ?
  • - Үгүй ээ зүгээр.
  • - Би чамайгаа баярлуулах гээд орой тоглолтын тасалбар авчихсан. Гото Мидори гээд Японы нэртэй хийлч ганцхан удаа тоглох юм байна. Арай гэж олж авлаа шүү.
  • - Өнөө орой юу?
  • - Тийм ээ, 7 цагаас. Миний хайр харин аятайхан хувцаслаарай за юу?

"Аятайхан" гэдэг үг чихийг минь шүргэмэгц гэнэтхэн дургүй хүрч, миний хувцаслалт хэзээ аятайхан бус байсан юм бол гэсэн эгдүү хөдлөөд явчихлаа. Мэр сэр тэр миний хувцаслалтыг гоочлон, өөр шигээ байлгах гээд байдаг нь заримдаа бидний маргалдах шалтгаан болно. Гэхдээ эцэст нь гайгүй нэртэй загвар өмсөгч түүнийг олон хүн хардаг биз дээ гэж зөвтгөх бодлоор би хувцсаа солиод л дуусдаг байлаа. Энэ удаа яагаад ч юм нүдэнд нулимс цийлгэнэн, хоолой дээр бөөн хар юм тээглэж, учиргүй түүнд гомдоод эхэллээ.

  • - Орой ээж аав хоёр чамайг гэртээ урьсан гэж нулимсаа арайхийн залгих би бувтнан өгүүллээ.
  • - Хайр аа, дараа байж болохгүй юм уу? Энэ чинь их чухал тоглолт, тэгээд бүр ганцхан удаа шүү дээ.
  • - Чамд тэгээд ээж аав хоёроос минь илүү тэр тоглолт чухал байгаа юм биз дээ?
  • - Дандаа битгий ингэж өөрийнхөөрөө зүтгэж бай л даа. Хоёулаа дараа л нэг очъё л доо.

Байнгын тоомжиргүй байдлаараа ингэж хэлэхэд нь миний гомдол эцэстээ тулж, хүргэнээ хүлээн бууз чимхэх ээжийн минь царай бодогдон, өөр хүн байсан бол бэлэг сэлт бэлдье гээд хөлөө хугалах шахам гүйж байгаа даа гэхээс бүр ч уучламгүй санагдан, арай гэж залгисан нулимс хацар дээгүүр бөмбөрлөө. Тэгэвч түүгээр арчуулахыг ч хүссэнгүй, юу ч хэлэлгүй нулимсаа гараараа шудран үүд рүү шийдмэг зүглэлээ.

Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа

Англал: Уран зохиол | Үзсэн: 1246 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]