Ердөө гуравхан алхмын цаана тэгтлээ дур хүслийг минь булаан бахдал
төрүүлэх хүн унтаж байхад зүрх гарган түүн дээр очоод бодож явдгаа
хэлж, намайг гайхшруулан байсан булчинлаг гарт нь амьсгал давчидталаа
тэврүүлэх зориг хүрэхгүй айн бэмбэмгэнэж хэвтсээр ганц
хоёрхон цагийн нойр авсан төдий өглөө сэрлээ. Нүүрээ угааж, будаггүй
нүүрээ анх танилцсан өдрөө харуулахыг хүсээгүй би, ядаж л өчигдрийн
болзоонд очихдоо сормуусаа будахаасаа залхууран хиймэл сормуус наасныг
хэлэх үү. Өөрийг минь эвтэйхэн дуудан сэрээсэн мөрөөдлийн залуугаа
инээмсэглэн ширтэж, кинон дээр гардаг шиг эрхлэн суниагаад өөдөөс нь
хартал нэг юм нүд таглаад болсонгүй. Нэг л юм биш болсныг гадарлан
бушуухан угаалгын өрөөнд нь ороод толинд хартал өрөөсөн тал нь хууларч
унжсан сормуус, будгаа арилгахгүй унтсанаас болж улайсан нүд, бүлцийтэл
хавдсан зовхи, энгэсгээ угаагаагүйн балгаар арзайсан нүүр, мөр гартал
дэрлэсэн хацар...
Анхнаасаа л оноо алдаж, бүр таагүй ичгэвтэр ч гэмээр эхэлсэн
тоглолтонд би гэрт нь ирэх хүртлээ эн тэнцүү өрсөлдөж байгаад уулга
алдсан нэг оноо, одоо эмэгтэй хүний хувьд үргэлж сайхан харагдаж ёстой
давуу талаа алдсан бас нэг оноо гээд тэр намайг тоосоороо булан
урагшилж одсон нь энэ. Гэтэл тэр юу ч болоогүй юм шиг жуумалзан ойр
зуурын яриа өрнүүлнэ. Би шүд зуун нударга зангидлаа. Олон бүсгүйн
толгойг эргүүлэн наадаж явсан өөртөө итгэлтэй, бардам энэ залуугийн
зүрх сэтгэлийг эзэмдэж чадахгүй юмаа гэхэд үгүй ядахдаа түүний дур
булаах увидаст автахгүй гэж өөртөө амлан тангараглав. Хамгийн сүүлд
санахыг ч хүсэхгүй олон жилийн өмнө бяцхан зүрхээ зүсүүлэн хоцрохдоо
ахиж ийм зовлонг хэзээ ч амсахгүй гэж бодож, сэтгэл зүрхээ хатамжлан,
хүсэл шуналаа хориглон харц дээгүүр алхсан учир хэтэрхий эмзэг дурлалаа
нойрсуулах эмээр аниулахыг завдсан тэнэглэлээ давтаж яавч болохгүй.
Юу ч болоогүй юм шиг нүүр амаа янзлан, айвуу тайвуухан өглөөний цай
уугаад эелдэг зан гаргах бүрт нь, инээд хүрэм хөгжилтэй ярианд нь ч
царай үзүүлэлгүй хүйтэн хөшүүн дүр эсгэсээр, нүүрэндээ зүүсэн төмөр
багаа тайлалгүй түүнээс саллаа. Гэвч үнэндээ энэ хугацаанд би түүнээс
өчүүхэн төдий ч өө гэх зүйл олж харсангүйгээр барахгүй шүүмжлэн няцаах
гэж оролдох бүр эсрэгээр улам бүр дурлан бахдаж байгаагаа өөрөө
зөвшөөрөхийг хүсээгүй байж мэднэ.
Хамгийн сүүлд азгүй дурлалаа таван жилийн өмнө үдэж явуулаад, ганц
бие, эрх чөлөөт амьдралаа эхлүүлснээс хойш сэтгэлдээ нийцэх төгс
төгөлдөр биш юм гэхэд түүнд ойртох нэгнийг хүлээж, сэмхэн эрж хайж
яваагүй гэвэл худлаа. Хоёр дэрсхэн охиноо хөтлөөд инээд алдан алхах
ангийн анд, өглөө болгон хүргэж орой нь тосох халамжит нөхрөөрөө
гайхуулах нэг өрөөний бүсгүй, тэр ч бүү хэл уулзаж үзээгүй хүнээ
дотночлон холоос санагалзах үеэл дүүдээ атаархаж байгаагүй гэж
мэлзэхгүй. Гэтэл нэг л өдөр яг л мөрөөдөн хүсч явсан хүн чинь гарч
ирээд, бүр өөрийг чинь тоон дотно хандаж, их л горьдлого төрүүлэн
байхад хөөрч хөвсөн догдлох ёстой би яагаад сэтгэл хөдлөлөө хүчлэн
дарж, арай гэж эхэлсэн харилцаагаа дэвэргэн бадраахыг үл яарна вэ?
Таалагддаг хөвгүүн минь харц чулуудах төдийд түргэн цохилдог байсан
зүрх одоо яагаад надад тайван байх хэрэгтэй гэж шивнэнэ вэ? Нэг зүйлийг
дэндүү ихээр хүсч байсан мөртлөө яагаад авсан хойноо санасан шигээ
баярлахгүй байна вэ?
Дурлалын цохилтыг нэг удаа дэндүү хүчтэй хүртсэн миний сэтгэл
өнгөрсөн жилүүдэд бодсоноос минь илүү хатуужиж, эрх чөлөөт ганц бие
амьдралынхаа тойрогт өөр нэгнийг найр тавин оруулахаас үнэндээ айж
байгаа хамаг учир байна. Миний толгойд энэ мэтийн эргэж хөрвөсөн, урваж
буцсан, урвуулж хөрвүүлсэн олон бодол эргэлдэж духны минь атирааг
нэгээр нэмэх шахаж байхад анх уулзсанаас хойш бүхэл бүтэн гурван хоног
өнгөрчихөөд байхад тэр нэг ч холбоо барьсангүй. Гаравч оровч гар утсаа
байн байн хяламхийж, ажил ярьж байгаа хүний царайн дээр тэр үдшийн
алчуур авч шидсэн зураглалыг ургуулан ангайж, тэр ч бүү хэл ажлын утсаа
чагнан чагнан түүнийг хүлээхдээ өөртөө итгэлтэй, бардам сэтгэл минь
алгуурханаар нугарч эхэллээ шүү.
Хэзээ ч минийх байгаагүй, бас минийх болох үгүй нь машид эргэлзээтэй
нэгнийг амьдралд минь зурвасхан үзэгдээд өнгөрсний төлөө ингэтлээ бодол
болон шаналж, үсээ цайтал элдвийг эргэцүүлж, нэг ёсондоо өөрөө ч
мэдэлгүй түүнийг амьдралдаа урьж оруулах гэж сэтгэлийн орон зайгаа
чөлөөлөх оролдлого хийж байгаа нь инээдтэй бус уу?
Тав дахь өдрийн өглөө харьцангуй өөрөөр эхэллээ. Тэр ярьсангүй, ярих
ч үгүй байх, мэдээж би түүнд тэгтлээ таалагдаагүй ч байж мэднэ, тэгээд
ч түүний амьдралд надаар тогтохгүй олон бүсгүйчүүд бий. Ингэхэд эргээд
бодоход хэрвээ би түүний сэтгэлийг бүрэн татсан бол ядаж намайг өдөж,
нэг оронд ордоггүй юмаа гэхэд үнсэхийг ч хүсээгүйг бодоход би дурыг нь
татаж чадаагүй л хэрэг...Энэ мэтийн тэнэг бодлуудаасаа өөрөө ч залхсан
би юу ч болоогүй гэхэд болсон, болсон гэхэд болоогүй тэр явдлыг
мартахын тулд ахиад нэг болзоонд явахаар шийдлээ. Урьд нь бусдын
шахалтан дор дуртай дургүй болзох чамаа аяддаг байсан би өнөөдөр дотно
нэгэн найзаасаа уулзуулах гэж удаан гуйсан залуугийнх нь утасны
дугаарыг авч, мөн найзаараа холбуулснаар удаах болзоо бэлэн болжээ.
Энэ удаагийн болзоот залуу минь намайг ямар нэг газар
хүлээлгэсэнгүй, хүлээж суусангүй, харин ажил тарахад ирж авсан нь түүнд
нэг оноо өгөх хангалттай шалтгаан боллоо. Машин тэрэгний марк, төрөл
загвар, үнэ зэргийг үл гадарлах надад бүгд л ижил харагддаг жижиг
тэрэгний нэг, дотроо цэвэрхэн тохитой машиных нь хаалгыг татан ороход
ажил хэрэгч хувцаслалт, өргөн магнай, шингэвтэр хөмсөг, давхраагүй
боловч аятайхан бор нүд, монхордуу хамар, жирийн л нимгэвтэр уруул, бас
найрсаг инээмсэглэл угтлаа. "Энхтүвшин" гэж нэрээ хэлэхэд нь бүдүүн
боловч тослог, дуучин хүнийх гэмээр хоолойтой нь анзаарлаа.
Машин барих зуураа намайг сэм сэмхэн харж, нүдээрээ инээмсэглэн,
олон юм ярилгүй жолоогоо мушгих тэр залуу очих газраа санал болгосоныг
нь би тоомжиргүйхэн зөвшөөрч орхив. Чин үнэнийг хэлэхэд гадаад төрх
байдал нь миний сэтгэлийг татсангүй, догдлуулсангүй, зүгээр л хааяа
уулзаж аяга кофе уунгаа амьдралын энгийн зүйлсээр хүүрнэж болох сайн
найзын төрх л тодроно. Миний үл мэдэх жижгэвтэр зоогийн газрын гадаа
ирээд машинаасаа буухад нь араас нь харвал бас л гойд сэтгэл татах юм
алга, гэхдээ онцолж муучлах ч зүйл үгүй. Харин хаалга онгойлгон
хүндэтгэл үзүүлж намайг буулгасан нь аятайхан санагдав.
Зоогийн газрын дотоод чимэглэл нүдэнд дулаахан, суугаад л баймаар
нэг л аятай, намуухан эгшиглэх мексик, испани ч байж магад тэр хөгжим
тайвшруулах шидтэй. Зэрэгцээд алхахад надаас ялигүй л өндөр тэр
даруухан залуу үг дуу цөөнтэй нэгэн бололтой. Хоолыг мөн л түүний
зөвлөсөний дагуу захиалж орхиод би цонхоор хөл хөдөлгөөн багатай
гудамжийг ширтэн юу ч ярилгүй суухад, тэр ч надаас юу ч асуусангүй.
Тэгтэл алгуурхан цасан ширхэг нэг хоёроор хаялсаар, цас хялмаалж
эхлэхэд, хоолоо идээгүй мөртлөө дарс шимэн суух миний сэтгэлд хөнгөн
гунигтай. Одоо хэр нь ийм сайхан үдэш түүний л тухай бодсоор суух ч гэж.
- - Та хоёрын дундуур орчихвол дургүйцэхгүй биз гэсэн баргил дуу миний бодлыг тасаллаа.
- - Бид хоёр ий? гэж гайхан асуухдаа яаж түүний тухай мэдсэн юм бол гэсэн бодол шууд л толгойд буув.
- - Цас та хоёр ярилцаж байх шиг болохоор чинь таслахыг хүссэнгүй. Гэхдээ анхны болзоон дээрээ юу ч ярихгүй суух эвгүй юм.
- - Ааан гэж уртаар дуу алдаад би инээлээ.
- - Би ч бас цас орохыг хараад заримдаа хэдэн цагаар суучихсан л байдаг юм.
Санасаныг бодоход романтик залуу байх нь ээ гэж бодоод би толгой
дохилоо. Энэ залуу яагаад ч юм ажлын ширээн дээр минь байдаг помбогор
ваартай, жижгэвтэр боловч зузаан навчтай цэцгийг санагдуулна. Тэр нэг
тийм энгийн мөртлөө ядарсан үед минь тайтгаруулж, хэзээ ямагт
хувиралгүй тэр л байрандаа, намайг услахаа мартаад хэд хоноход ч
хатаагүй байж л байдаг. Тэр цэцэг шиг энгийн, сэтгэлд цаанаа л дулаан
боловч хайр сэтгэлийг минь татах хүчгүй мэт.
Бид төгссөн сургууль, хүүхэд нас, одоо хийдэг ажил, ар гэрийнхээ
талаар ерийн яриаг өрнүүлж, би хөгжмийн аянд мансууран асуултанд нь
товчхон хариулж суулаа. Өдий хүртэл дурлаж ирсэн эрчүүддээ би анхны
харцаар дурласан нь олон, анхнаасаа л миний сэтгэлийг хөндөж чадаагүй
бол цаашдаа ч тэр л хэвээрээ үлддэг нь жам. Ийм болохоор Түвшин гэж
дуудуулах дуртай даруувтар энэ залуутай ахиад болзохгүй гэдгээ би сайн
мэдэж байв. Харин үймэрч ядарсан сэтгэлийг минь түр боловч тайтгаруулан
сатааруулж, урт аяны дунд түр амрах зогсоол болсонд нь талархана.
- - Та их гоё гартай юмаа.
- - Тийм гэж үү? Би удаан анзаараагүй гараа өөр хүнийх юм шиг гайхан ширтэв.
- - Их өхөөрдмөөр, ганц ч болов барьж үзмээр тийм гартай юм.
- - Ёстой хэн ч тэгж хэлж байгаагүй юм байна.
- - Тэгвэл ийм гоо сайхныг анзаарч харах нүдгүй л хүмүүс байж дээ.
Энэ үгийг сонсмогц надад аятайхан, тэгсэн мөртлөө гунигтай, яг л энэ
унамагцаа хайлдаг цасан ширхэг шиг зуурдын гоо үзэсгэлэнгийн тухай
аягүйхэн бодол төрлөө. Өнгөрсөн он жилүүдэд миний гоо
сайхныг бахдан өгүүлж, бал бурам шиг үгээр ханатал цатгадаг мөртлөө
бариу улаан даашинзны цаана нуугдсан эмзэгхэн жаал охиныг, гаднаа
хүчтэй дэгжин төрх үүсгэх мөртлөө сэтгэлийн гүндээ өөрийг минь ирж авах
цагаан морьтой ханхүүд итгэсээр байх гэнэн цайлган чанарыг минь анзаарч
харсан нь бараг л үгүй. Хэрэв би энэ залуугийн өмнө гэртээ өмсдөг
хуучин ноосон цамцтайгаа, үсээ зүгээр овоолж боогоод нүүрээ будаж
янзлаагүй чигтээ сууж байсан бол энэ үгийг хэлэх байсан болов уу? Үгүй
гэхэд хумсныхаа хэлбэрийг засч, гараа арчлаагүй, гялалзсан өнгөлөгч
будаг хэрэглээгүй бол тэр үнэхээр гарыг минь олж харан, гоо сайхныг нь
магтах байсан гэж үү?
Би асуултынхаа хариултыг олж авах гэж намайг тайтгаруулах гэж ирсэн
юм шиг үргэлж инээмсэглэн байх тэр залуугийн нүдийг эгцлэн ширтлээ.
Түвшингийн аядуухан харцтай бор нүдэнд өчүүхэн төдий ч эргэлзээ
байсангүй, үзмэрийн цонхоор дуртай тоглоомоо харчихаад авах гэж
мөрөөдөн харж зогсох хүүхдийн харц шиг тодорхой, бас сүүдэргүй.
- - Таны харц жаахан гунигтай юм уу даа. Эсвэл дэндүү бодлогоширсон. Гэхдээ үнэхээр сайхан нүдтэй юмаа.
- - Тийм гэж үү? Баярлалаа. Гэхдээ би давхраа хийлгэчихсэн гэж яагаад
ч юм би их тодоор хэлчихлээ. Түүний магтаалыг худал байх вий гэж
бодсон, эсбол тэр агшинд төрсөн бодлоо шууд гаргачихсан ч байж мэднэ.
- - Тэгвэл зөв шийдвэр гаргажээ. Нүдний чинь сайхныг бүр ч тодруулж.
Гэхдээ би зөвхөн нүдний чинь хэлбэрийг хэлээгүй юм шүү, харин таны
харц...
- - Яасан гэж?
- - Түрүүнээс хойш цонхоор хараад суугаад байсан болохоор чинь сайн
харж чадаагүй байгаад дөнгөж сая л харлаа. Яг л шүлэг яруу найрагт
гардаг шиг ухаалаг, дөлгөөхөн тийм харц юмаа. Уучлаарай, би ярьж
хэлэхдээ тийм ч сайн биш л дээ.
- - Зүгээр ээ. Чамд ямар эмэгтэй таалагддаг вэ?
- - Яг тийм ийм гээд хэлчих дэндүү учир дутагдалтай санагддаг. Яагаад
гэвэл хэн нэгнийг хайрлаж дурлахад сэтгэл зүрх шалгуур тавьдаггүй биз
дээ. Энэ эмэгтэй гэрийн ажилдаа сайн байх, эсвэл өндөр боловсролтой
байх гэж бодож ч амжилгүй хараад л хайртай болдог, дурладаг. Тэгэхээр
ямар гэдгийг миний сэтгэл, мэдрэмж л хэлэх байх.
- - Эрчүүд ихэвчлэн гадаад төрхийг хардаг биз дээ. Тэгэхээр өндөр
гуалиг, эсвэл том нүдтэй ч гэх юм уу, чамд таалагддаг тодорхой зүйл
байж л таараа даа?
- - Надад эмэгтэй хүний хөл урт юм уу богино байх, бэлхүүсний тойрог
нь хэдэн см байх, эсвэл бүр хөх нь том жижиг байх ч сонин биш. Миний
анхны хайр, дараа нь хайрлаж явсан бүсгүй, сэтгэлдээ нууцхан харж явсан
шохоорхол гээд тэдэнд хоорондоо төстэй юм бараг л үгүй дээ.
- - Хэрвээ тийм өндөр шалгуур тавьдаггүй юм бол яагаад өдий хүртэл ганцаараа яваа гэж?
- - Би хэн нэгнийг голж шилж, урт жагсаалт үүсгэчихээд тэрнээсээ
хамгийн шилдгийг нь уралдуулж үзээгүй ээ. Зүгээр л сэтгэлийг минь
хөдөлгөх тийм эмэгтэйтэй учраагүй л явна. Тэгээд ч чамд үнэнийг хэлэхэд
надад загвар өмсөгч, жүжигчин шиг учиргүй сайхан царай зүс, бие хаа,
алиа хошин зан, үнэтэй машин тэрэг, байр сууц, түнтгэр түрийвч байхгүй.
Байртай юу гэж асуугаад "Үгүй" гэсэн хариулт авчихаараа эмэгтэйчүүдийн
царай шал өөр болж хувирахыг цөөнгүй харсаан. Түвшин ингэж хэлээд мөн л
түрүүчийн адил дулаахнаар инээмсэглэлээ.
Надад юу нь ч онцгой биш энэ даруухан залуу сая л сонирхолтой
санагдаж эхлэв. Яг л ийм таатай, бие биенээ ойлгон хүндэлж, бас
сонирхсон яриаг өрнүүлээгүй хичнээн ч удсаныг бүү мэд. Тэр намайг
ярихад шүүмжилж, тасалж, өөрийнхөөрөө зүтгэж, эсвэл сонирхлоо буурсныг
нууж чадалгүй доош харсангүй. Харин дэмжиж, эвтэйхнээр өөрийнхөө бодлыг
ойлгуулж, санал зөрснөө намайг гомдоолгүй илэрхийлж чадах юм. Түргэхэн
хооллочихоод харьж орондоо орохоос өөр бодолгүй байсан би яг л хуучны
танилтайгаа уулзсан мэт түүнтэй айвуу тайвуухан ярилцаж, тэгэх тусам
түүний гайхам ухаалгийг мэдэрч суулаа.
Нэг мэдэхэд зоогийн газар хаах болчихжээ. Бид түүний машинаар манай
гэрийн зүг яг л түүний зан төрх шиг цас орсны дараа нам гүм ноёлсон
үдшээр гулсах мөт хөнгөхөн урагшилна. Тэгээд орцны үүдэнд зогссон
хойноо намайг гэрийн үүд хүртэл хүргэж өгнө гэж зүтгэлээ. "Харанхуй
шөнө орцруу чинь оруулчихаад сэтгэл амар харьж чадахгүй байх. Тэгээд ч
би найзыг нь сайн харж халамжилна гэсэн амлалт өгч байж болзох эрх олж
авсан хүн шүү дээ" гээд инээлээ.
Эрэгтэй хүнээр хүргүүлж гэртээ оролгүй удсаныг хэлэх үү, анх удаа
танилцсан хүнээр гэрийнхээ үүдэнд хүргүүлэх гэж цахилгаан шат зогссон,
хүнгүй орцонд шатаар өгсөх нэг л сонин. Ард минь алхах тэр миний юуг
онцлон харж байгаа бол гэсэн бодол төрнө. Яагаад заавал гэрийн үүд
хүртэл гэж? Эсвэл гэрт минь оруулахаасаа өмнө бяцхан салах ёс хийхийг
хүссэн юм болов уу,тэр чинь эрэгтэй хүн шүү дээ гэсэн бодол зурвасхан
орж гарна.
- - За би ингээд орлоо. Санаа зоволтгүй явж амар даа гээд би
хаалганыхаа өмнө очоод хэлбэл, тэр надаас хоёр алхам хэр зайтай зогсож
байснаа гэнэт урагшлан яг урд минь тулаад ирлээ.Би сандарсандаа
цүнхнийхээ оосроос тас зуурч, үнсэх гэвэл цүнхээрээ цохино доо гэж
бодтол, тэр гараа сунгасанаа хүүе гэхийн завдалгүй нүд рүү минь унжсан
үсийг эвлэгхэнээр чихний араар хийснээ,
- - Сайхан амраарай. Ийм сайхан болзоог бэлэглэсэнд баярлалаа гээд
шатаар уруудан гүйж одов. Энэхэн зуур элдвийг бодон түгшсэн зүрхний
цохилт удааширч, өөрийн эрхгүй түргэн зангаа шоолон инээд алдлаа. Миний
сэтгэл энэ аниргүй шөнө шиг амгалан байлаа.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|