|
Эхлэл » 2010 » 3-р сар » 30 » ӨВЛИЙН ОЛИМПИЙН СОНИНООС
11:56 AM ӨВЛИЙН ОЛИМПИЙН СОНИНООС |
Канад улсын Ванкувер хотноо болж байгаа өвлийн XXI олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцож олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулан уралдлаа. Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн 78 тамирчнаас 74-т, Олон улсын хэмжээний мастер Х.Хаш-Эрдэнэ 94 улсын тамирчдаас 86-д тус тус орлоо. Цагаан олимпийн наадамд 11 удаа оролцсон монголчууд энэ удаагийнхаа наадамд хоёр тамирчнаа сойж оролцуулсан юм. “Ванкувер 2010” олимпийн наадамд 82 орны тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. “Ванкувер 2010” өвлийн цагаан олимп энэ сарын 21-ний өдөр хаалтаа хийнэ. Өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Канадын кёрлингийн эмэгтэй шигшээ багийг албан ёсоор зөвшөөрөгдсөн таван хүний бүрэлдэхүүнтэй гэхэд ч хэцүү зургаан хүнтэй гэж үзэхэд ч хэцүү байгаа аж. Учир нь тус багийн гишүүн 30 настай Кристи Мур таван сартай жирэмсэн хэдий ч олимпийн тоглолтод оролцохоор шийдэж багийнхаа гишүүдийг бараг л зургаа болгож орхижээ. Тэрбээр хэлэхдээ “Хэрэв би жирэмслээд найман сар болчихсон бол ч асуудалтай байх биз. Харин одоо бол огтхон ч тээр болохгүй байгаа” гэж хэлсэн байна. Багийн дасгалжуулагч нь ч “Манай тамирчин залуу хүн, тэгээд ч махлаг болохоор санаа зоволтгүй. Бидэнд асуудал учирлаа гэх ямар ч шалтгаан алга, хэрэв тийм байсан бол тэр энд ирэхгүй байсан” гэжээ. Энэ бол өвлийн олимпийн түүхэнд жирэмсэн эмэгтэй оролцож байгаа гурав дахь тохиолдол бөгөөд анхных нь 1920 онд Бельгид болсон тоглолтын үеэр Шведийн тэшүүрчин Магда Жулин мөн л бие давхар оролцож алтан медаль хүртэж байсан бол 2006 онд Германы тамирчин эмэгтэй цанын төрөлд жирэмсэн байхдаа уралдаж байсан юм. Кёрлингийн төрөлд оролцож байгаа Канадын эмэгтэйчүүдийн баг аварга болох магадлал өндөр байгаа тул 90 жилийн өмнө бие давхар эмэгтэй тамирчин Олимпийн алтан медаль хүртэж байсан түүх давтагдаж болзошгүй байна. Хоёрдугаар сарын 15-нд буюу “Ванкувер-2010” Өвлийн олимпийн XXI наадмын гурав дахь өдөр манай хоёр цаначин маань уралдааны замд гарлаа. Эхлээд эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Эрдэнэ-Очирын Очирсүрэн уралдав. Гүйлтийн цанын төрөлд 10 км-ийн зайг “ойрын” зай гэж нэрлэдэг бөгөөд энэ төрөлд нийтдээ 78 тамирчин гараанаас гарлаа. Ойрын зай болохоор замаасаа гарсан тамирчин гарсангүй бүгд барианд орлоо.Манай Э.Очирсүрэн уралдааны замд улаан өнгийн өмсгөлтэй, 74 хувийн дугаартай гарч, энэ зайг 32 минут 56,1 секундэд туулж, 74 байрт орлоо. Манай хүний ард Унгар, Армен, Македон, Сербийн цаначид бичигдлээ. Харин энэ зайд олимпод анх удаагаа оролцож буй Шведийн Шарлотте Калла 24:58,4 амжилтаар түрүүлж олимпийн аварга болсон бол мөнгөн медалийг Эстонийн нэрт цаначин олимпийн хошой аварга, дэлхийн аварга Кристина Шмигуна 25:05,0 амжилтаар хүртлээ. Хүрэл медалийг Норвегийн Марит Бьорген зүүв. Мөн энэ өдөр эрэгтэй цаначид мөн л “ойрын” зай болох 15 км-т уралдлаа. Нийт 96 цаначин гараанаас гарч, Шинэ Зеландын тамирчин гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн хамгийн богино зайг туулж, барианд орж чадсангүй. Манай Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ 91 хувийн дугаартай гарч, 42 минут 27,4 секундын амжилтаар 87 байрт орлоо. Манай цаначны ард Бермуд, Иран, Бразил, Ирланд, Непал, Этиоф, Перу, Португал мөн дээр дурьдагдсан Шинэ Зеланд гээд 9 орны тамирчин бичигдлээ. Энэ зайд Швейцарийн Дариа Колонья 33 минут 36,3 секундийн амжилтаар түрүүлж, Италийн П.Коттрер, Чехийн Л.Бауэр нар мөнгө, хүрэл медаль зүүлээ. Ийнхүү Монголын баг тамирчдын хувьд өвлийн олимп өндөрлөлөө. Канадын Британийн Колумб мужийн Ванкувер хотноо болж буй Өвлийн олимпийн XXI наадам дуулиан, шуугиан дүүрэн болж байна. Олимпийн нээлтийн өдөр Гүржийн чаргачин залуу бэлтгэлийн уралдааны үед осолд орж нас барсан нь дэлхий дахиныг цочоосон. Харин уралдаан тэмцээний талбар дахь сенсаац бол уламжлал ёсоор болж байна. Үүнээс ганц нэгийг нь сонирхуулахад шорт трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд БНСУ-ын гурван тамирчин гурвуулаа шагналын тавцанд зогсох сайхан боломжийг алдлаа. Уг нь гурвуулаа уралдааныг хошуучилж явсан бөгөөд яг барианд орохын өмнөх сүүлчийн эргэлтэн дээр хоёр, гуравдугаарт явсан хангүг залуус ташраараа унасан юм. Хэдийгээр Ли Жун Су олимпийн аварга болсон ч нөгөө хоёр нь юу ч үгүй үлдсэн нь тун харамсалтай юм болов. Ойчих ойчихдоо очиж очиж өөрийнхөө медалийг төдийгүй нутаг нэгтнийхээ медалийг “булаасан” нь харин дөрөв, тавд явсан хоёр америкт аз болж, мөнгө, хүрлийг хүчээр биш сохор азаар олимпийн медаль бас авч болдгийг дахин нэг харууллаа. Харин азтай хоёрын нэг нь олимпийн хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт та бидний сайн танил Аполо Антон Оно болж, бас нэг мөнгөн медаль цуглуулгандаа нэмэрлэв. Азтай бас одтой золиг юм аа энэ Аполо Оно. Өчигдөр орой уран гулгалтын ордонд бас нэгэн дуулиант үйл явдал болов. Уран гулгалтын хос гулгалтын төрөлд 1964 оны олимпоос хойш хойд хөршийнхөн маань алтан медалийг тасралтгүй авч байсан уламжлалтай. Тэгвэл Оросын хос гулгагчдын 46 жилийн олимпийн “ноёрхол” өчигдөр орой өндөрлөж, “ах нар” алтан медаль бүү хэл медаль ч үгүй хоцорлоо.Людмила Белоусова-Олег Протопопов, Ирина Роднина-Алексей Уланов, Ирина Роднина Александр Зайцев, Елена Валово-Олег Васильев, Екатерина Гордеева-Сергей Гриньков, Наталья Мишкутенок-Артур Дмитриев, Оксана-Казакова-Артур Дмитриев, Елена Бережная-Антон Сихарулизе, Татанья Томьянина-Максим Маринин нарын буухиалан ирсэн олимпийн алтан медалийн өртөө ийнхүү энэ өдөр тасарлаа. Тасрах тасрахдаа Хятадын хос, гэр бүлийн хоёр Шэнь Сюэ-Жао Хунбо ( уг нь Хятадын энэ хоёр Солт Лэйк болон Туриний олимпоос хүрэл медаль авч байсан л даа ) нар дээр байхдаа яахав дээ. Оросын хос болох япон бүсгүй Юко Кавагути-Александр Смирнов нар сүүлчийн гулгалтдаа хэт хичээснээс аль аль нь унаж, дөрөвдүгээр байрт орсон юм. Ийнхүү Олимпийн дуулан, шуугиан үргэлжилсээр... Д.Өлзийсайхан
|
Англал: Урлаг Спорт |
Үзсэн: 1018 |
Нэмсэн: gabriela
| Үнэлгээ: 0.0/0 |
|