|
Эхлэл » 2010 » 11-р сар » 22 » Вэнь Зя Бао
|
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга /Ерөнххий сайд/
Вэнь
Зя Бао 1942 оны 9 сарын 15-нд Хятадын Тяньжин хотод төржээ. Түүний эцэш
эх нь сургуулийн багш улсууд байв. Иймдээ хүүгээ өндөр боловсролтой хүн
болгохыг мөрөөдөж, хүүгээ номтой нөхөрлүүлэн хүмүүжүүлсэн гэдэг. Вэнь
Зя Бао 1960-1965 онд Бээжингийн Геологийн дээд сургуулийн геолог-эрдэс
баялагийн тэнхимд сурчээ. Вэнь Зя Бао нь инженер-геологич мэргэжилтэй.
Бээжинд дээд сургуулиа дүүргээд эрдмийн цол зэрэг зэрэг хамгаалахаах
шамдав. 1968 онд дэд эрдэмтэн гэсэн цолтой болжээ. 1965 онд Вэнь Зя Бао
БНХАУ-ын Коммунист намд элсэв. 1967 оны 9 сараас ажил хөдөлмөр
эрхэлжээ. 1968 онд Хятад даяар "Соёлын хувьсгал” өрнөв. Залуу эрдэмтэнг
Ганьсу мужид ажиллуулах шийдвэр гарчээ. Ийнхүү амьдралынхаа 14 жилийг
Вэнь Зя Бао Ганьсу мужид өнгөрүүлжээ. Гэхдээ Бээжингээс ирсэн залуу
эрдэмтэн хар бор ажилд нухлагдсангүй. 1968-1978 оны хооронд Вэнь Зя Бао
техникийн ажилтан, гео-механикчдийн улс төрийн зохион байгуулагч,
бригадын улс төрийн хэлтэсийн дарга гэсэн алба хашиж байв. 1978-1979 онд
бригадын даргийн орлогч, 1981 оноос Ганьсу мужийн геологийн газрын
инженер, хэлтэсийн орлогч даргаар ажиллав. Вэнь Зя Баогийн хөдөлмөрч,
бүтээлч байдлыг Ганьсу мужийн даргаар тухайн үед ажиллаж байсан Сун Пин
анзаарчээ. Хожим Сун Пин нь БНХАУ-ын Коммунист намын өндөрлөгүүдийн
хүрээлэлд багтсан юм. Сун Пины ивээлд багтсан нь цаашид албан тушаалын
шатаар өгсөхөд нь Вэнь Зя Баод нэмэр болжээ. 1981 оноос 1982 онд Вэнь Зя
Бао Ганьсу мужийн геологийн газрын орлогч дарга болов. 1982 онд
БНХАУ-ын Геологийн сайд Ганьсу мужид ирж ажил байдалтай нь танилцжээ.
Энэ үед Вэнь Зя Баогийн мэргэжлийн ур чадварыг сайд өндөр үнэлжээ.
Төдөлгүй Вэнь Зя Баог нийслэлд ажилуулах болсон тухай баярт мэдээ иржээ.
1982 онд Вэнь Зя Бао БНХАУ-ын Геологийн сайдын орлогч, яамны асуудал
эрхэлсэн намын нарийн бичгийн даргаар томилогдлоо. Хятадыг тухайн үед
удирдаж байсан Дэн Сяо Пэн улс орны эрх мэдлийг авч эдийн засгийн
шинэчлэлийг үргэлжлүүлэх залгамжлагчаа бэлдэж байлаа. Хятадын Коммунист
Намын Төв Хорооны дэргэдэх Намын Дээд сургуульд Вэнь Зя Бао сурч номын
дуу сонсов. Намын дээд сургуулийг төгсөөд 1986 онд Коммунист намын Төв
Хорооны тамгийн газрын дарга болов. Энэ албан тушаалд байхдаа Вэнь Зя
Бао намын удирдагчдийн ажлын хуваарь гаргаж, намын доторх баримт бичгийг
хариуцдаг байв. 1986 оноос хойш Хятадын Коммунист намд халгаа сэлгээ
явагдаж Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга нь 3 удаа солигджээ. (Ху Яо
бан, Жао Зы Ян, Зян Зэ Минь) Намын ерөнхий нарийн бичгийн дарга
солигдож, ажиллах баг өөрчлөгдөж байсан ч Вэнь Зя Бао албан тушаалаа
хэвээр хадгалж чадаж байлаа. Хятадын коммунист нам дотор Вэнь Зя Бао бол
"улс төрийн сүйрлийг даван туулагч” гэж шивэр авир хийдэг байв. Либерал
үзэл санааг дэмжигч Ху Яо Бан намын үзэл баримтлалаас хазайсан гэж
намын нөхдөөсөө зэмлэл сонсож албан тушаалаа орхих үед Вэнь Зя Бао
"өөрийн шүүмжлэл” өрнүүлэв. Ингэхдээ Вэнь Зя Бао "худаг руу унасан Ху Яо
Бан руу чулуу шидсэнгүй”. Үүнийг намын нөхөд нь их үнэлэв. Жао Зы Ян
намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод Вэнь Зя Баог тамгийн
газрын даргын албан тушаалд нь үлдээсэн түүхтэй. 1989 онд Бээжин хотод
оюутнууд жагсаал хийлээ. Хятадын улс төрийн байдал эгзэгтэй болж ирсэн
энэ үед Вэнь Зя Бао, Жао Зы Ян нар хамтдаа Тяньаньмэнь талбайд очиж
уулзав. Оюутнуудтай уулзахдаа хамт очих үед нь хэвлэлийнхэний авсан
гэрэл зураг бий. Жагсагчид руу танкаар дайрч хятадын төр аллага хийсний
дараа Жао Зы Ян буруудав. Оюутнууд жагсаал хийх үед Жао Зы Ян либерал
хандсан гэж шүүмжлэлд өртөж албан тушаалаасаа огцорлоо. Хятадын
коммунистууд Жао Зы Янг огцоруулаад зогсолгүй гэрийн хорионд оруулж
санаа нь амарсан гэдэг. Харин Вэнь Зя Бао ямар нэгэн ял шийтгэлд
унасангүй. Вэнь Зя Бао намын ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зы Янгтай
хамт төв талбай руу явахаасаа өмнө Хятадын төрийн зөвлөлийн дарга,
ерөнхий сайд Ли Пэнтэй холбоо барьжээ. Ли Пэн түүнийг талбайд очиж
жагсагчидтай уулзахыг зөвшөөрсөн байна. Хятадын Коммунист намын ерөнхий
нарийн бичгийн даргаар сонгогдсон Зян Зэ Минь багаа бүрдүүлэхдээ Вэнь
Зя Баог албан тушаалд нь хэвээр үлдээсэн гэдэг. 1992 оны 10 сард Вэнь Зя
Бао БНХАУ-ын Коммунист Намын Улс Төрийн Товчооны нарийн бичгийн газар
ажиллах болов. 1997 онд Вэнь Зя Бао хятадын Коммунист намын Улс Төрийн
Товчооны бүрэлдэхүүнд багтав. 1998 оны 3 сараас БНХАУ-ын Төрийн
Зөвлөлийн даргийн орлогч болжээ. Мөн оныхоо 6 сард Ажилчны хорооны
санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилов. 1998 онд
БНХАУ-д үерийн гамшиг болж 3500 гаруй хүний амь эрсдэв. Үерийн хохиролыг
арилгах штабыг Вэнь Зя Бао тэргүүлжээ. Вэнь Зя Баогийн хариуцсан ажлаас
хамгийн их бэрхшээлтэй тулгарсан нь хөдөө аж ахуйн шинэчлэлт байлаа.
Хөдөө аж ахуйн салбарт татварын хөнгөлөлт үзүүлж, тариачид тариа ногоо
ургуулах талбайгаа удаан хугацаагаар ашиглах эрхтэй болгохыг Вэнь Зя Бао
зорьж байлаа. Төрөөс зээл авсан боловч зээлийн хүүгээ төлөхгүй удаж
байгаа компаний хэргийг түргэн шийдэж чадахгүй байсан нь Вэнь Зя Баогийн
нэр хүндийг ялимгүй сэвтүүлжээ. 2002 онд БНХАУ-ын Коммунист Намын 16-р
их хурал болов. Хурлын үеэр Вэнь Зя Баог намын Улс Төрийн Товчооны
байнгийн гишүүн болгожээ. 2003 оны 3-р сард Бүх Хятадын Ардын
Төлөөлөгчдийн Их Хурал болж төрийн удирдлагууд солигдов. БНХАУ-ын дарга
Зян Зэ Минь, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын дарга Ли Пэн, Төрийн
Зөвлөлийн дарга, ерөнхий сайд Жу Рун Жи нар эрх мэдлээ хойч үедээ
шилжүүлэв. БНХАУ-ын даргаар Ху Жин Тао, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн
хурлын даргаар У Банго, Төрийн Зөвлөлийн дарга, Ерөнхий сайдаар Вэнь Зя
Бао сонгогджээ. Хятадын шинэ удирдагчид өмнөх үеийнхэнээсээ хараат бус
бодлого явуулахад хугацаа хэрэгтэй гэж гадаадын ажиглагчид хэлж байв.
Зян Зэ Минь албан тушаалаа орхисон ч Бээжинд нөлөө ихтэй байлаа. Вэнь Зя
Бао Төрийн Зөвлөлийн даргаар ажиллахдаа эх орныхоо буурай хөгжилтэй бүс
нутгийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулжээ. Хот, хөдөөгийн ялгааг арилгах
нь төвлөрөлийг багасгах арга зам гэж Вэнь Зя Бао үзжээ. Ерөнхий сайдын
хувиар Вэнь Зя Бао ард түмэндээ хандаж үг хэлэхдээ улсынхаа нөхцөл
байдлыг сайн мэднэ гэж цохон тэмдэглээд, геологичийн хувиар хөдөө хээр
нутагт ажиллаж байснаа дурссан байдаг. Вэнь Зя Бао ерөнхий сайдаар
ажиллах хүртэлээ хятадын 2500 суурингаас 1800-д нь очиж ажиллаж байжээ.
Вэнь Зя Бао хятадын эдийн засгийг хөгжүүлэх өөрийн зарчимаа
боловсруулжээ. Вэнь Зя Бао иргэдийн нийгмийн асуудал, эрүүл мэнд,
боловсролыг дээшлүүлэх чиглэлд нөр их ажил өрнүүлэв. Үүний ачаар түүний
нэр хүнд эрс өссөн юм. Хятадын шинэ удирдагч Ху Жин Тао, Вэнь Зя Бао нар
ард түмний төлөөлөлтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Вэнь
Зя Бао эдийн засгийг хөгжүүлэхийн тулд либерал байр сууринаас хандах
хэрэгтэй гэж хатуу үздэг. Гэхдээ одоо оршин тогтнож байгаа улс төрийн
тогтолцоог өөрчлөхгүй гэж тэр мэдэгдсэн юм. Тайвань арлын асуудлаар байр
сууриа илэрхийлэхдээ "Тайвань арал бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг.
Гадаадын аль нэгэн улс орон энэ асуудалд хөндлөнгөөс оролцуулах хүсэлгүй
байна. Гадны улс орон хөндлөнгөөс Хятадын дотоод асуудалд оролцохыг
зөвшөөрөхгүй” гэж хэлсэн юм. 2007 оны 5 сард хэвлэлийн бага хурал дээр
Вэнь Зя Бао "Хятадын цэрэг, эдийн засаг өсөн нэмэгдэж байгаа ч бид
дэлхийд ноёорхох, өөрийн дэг журмаа тогтоохыг зорихгүй. Харин цэрэг,
эдийн засгийн өсөлтөө дотоод хөгжлийн асуудлаа шийдэхэд зориулна” гэжээ.
Вэнь Зя Бао гадаадын хэвлэлийнхэнтэй ч уулзаж, Хятадын хувьд маш таагүй
гэгддэг хүний эрх, эрх чөлөө, Тайвань, Түвдийн тусгаар тогтнолын
талаар илэн далангүй ярьж байлаа. Мөн ДОХ-ын вирусийн тархалт Хятад
улсад нэмэгдэж байгаа тухай гадаадын хэвлэлийнхэнд ярьсан анхны хятадын
төрийн зүтгэлтэн болжээ. 2004 онд Вэнь Зя Бао ДОХ-ын халдвар авсан
хүмүүс амьдардаг тосгон, сууринд очиж байсан юм. 2007 оны 10 сард
Хятадын Коммунист Намын 17-р их хурал болж Вэнь Зя Баог Төрийн Зөвлөлийн
дарга, Ерөнхий сайдын албан тушаалд нь улираан сонгожээ. Вэнь Зя Бао
хятадын Ганьсу мужид ажиллаж байхдаа Жан Бей Ли гэдэг бүсгүйтэй
танилцаж, хувь заяагаа холбожээ. Хожим түүний эхнэр нь Хятадын үнэт
чулуу үнэлэх Үндэсний төвийн захиралаар ажилласан. Вэнь Зя Баогийн гэр
бүл 2 хүүхэдтэй. Хүү Вэнь Юнь Сун нь Бээжин хотод мэдээллийн технологийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг UNIHUB компанид ажилладаг. Харин охин
Вэнь Жу Чунь нь хятадын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой
гадаадын компаниудтай харилцдаг байгууллагад ажилладаг байна. Вэнь Зя
Баогийн хүргэн Сюй Мин нь Хятадын хамгийн баян хүмүүсийн тоонд ордог.
|
Англал: Алдартай хүмүүс |
Үзсэн: 1057 |
Нэмсэн: saak_penny
| Үнэлгээ: 0.0/0 |
|