Галбир тодорхойлогч бариу хувцас загвар тодорхойлно Өнгөрсөн жил бүсгүйчүүд биеийнхээ галбирыг тодотгосон бариу хувцас илүү өмссөн бол энэ хавар болон зун ч дээрх хэв маяг жагсаалтаас гарахгүй нь ээ. Өвдөгнөөс дээш мини юбка, платье, хүрмийг та сонговол цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болно. Өнгө нь мэдээж даруухан завсрынх байх хэрэгтэй. Түүнчлэн богино хүрэм энэ хавар хүч түрэн орж ирэх аж. Хараацай тайралт таныг чимнэ Энэ хаврын үсний засалт ерөнхийдөө хурц өнцөг гарган үзүүрлэсэн урт үс "мода"-нд орно. Энэ хавар урт үс "мода"-нд орж байгаад богино үстэй бүсгүйчүүд санаа зовох хэрэггүй. Богино үстэй бүсгүйчүүдэд хараацай хэлбэрийн тайралт зонхилно. Та ямар ч үстэй байсан хамаагүй зохицсон үсний засалт хүнийг залуу, эрч хүчтэй, ажил хэрэгч байхаар засахад л болно. Богино түрийтэй платформ гутал ноёрхоно Энэ хавар зузаан ултай буюу платформ гутал ноёрхоно. Гэхдээ шууд ултай платформ бус харин өсгийтэй, богино түрийтэй платформ байх нь. Богино түрий давамгайлсан загвар зөвхөн охид бүсгүйчүүд ч биш залуусын сонголтод ч багтах бололтой. Та гутлаа сонгохдоо зөвхөн хэлбэрийг бус хэрэглээ талаас нь давхар бодолцож авахыг зөвлөе. Гутлын өсгийн өндөр ч биш, нам ч биш дунд зэргийн байх бол хоншоор нь бага зэрэг шөвгөр байх юм. Энэ хаврын хувцасны өнгө ямар байх талаар дээр хэлсэн. Өнгө дагасан даруухан бор, цайвар ногоон өнгө зонхилох нь ээ. Тоноглол сайтай тoм цүнх барьвал илүү дэгжин харагдана Сүүлийн үед охид багтаамж сайтай том цүнхийг таашаах болсон. Бүсгүй та ч гэсэн ийм цүнх сонирхвол буруудахгүй нь. Харин хэлбэрийн хувьд хуниастай, дугуй байвал зүгээр шүү. Мөн өргөн олом, тоноглол бүхий гинж, том цахилгаан зэрэг таны цүнхэнд байвал илүү дэгжин харагдана. Ажил хэрэгч бүсгүйчүүддээ захихад та арьсан цүнхийг сонгоорой. Хэрэв та том цүнхнээс төвөгшөөж байгаа бол чимэглэл ихтэй жижиг цүнх сонгож болно. Харин чимэглэл нь цүнхнийхээ үндсэн материалтай яг ижилхэн байх ёстой шүү. Аксусеор Бүсгүйчүүдийн хамгийн эрэлттэй аксусеор бол цүнх, алчуур, бээлий, түрийвч. Бээлийний хувьд мэдээж нимгэн байх бөгөөд хамгийн гол онцлог нь хуруугүй байх нь. Гэхдээ ийм загварын бээлий нарийнхан ханцуйтай, нимгэн куртик, малгайтай хүрэм, богино савхинд хамаарна гэдгийг санаарай. Ажил хэрэгч эмэгтэйн хувьд бээлийгүй гараа хүрэм эсвэл пальтоныхоо халаасанд шургуулан явах нь тийм ч тохиромжтой биш. Иймээс богиновтор ханцуйтай хүрэм, пальтон дээр өмсөхөд тохиромжтой загвар бүхий нарийнхан бээлийг санал болгоё. Харин үнэт эдлэлийн хувьд ойрын 2-3 жилд ноёрхсон чулуун гоёл мода болно. Чулуун гоёл аль ч улиралд зохицдог учраас охид бүсгүйчүүд хувцсандаа тохируулан сонгож болно. Чулуун эдлэл угаасаа эмэгтэй хүнийг эрхэмсэг, хээнцэр харагдуулдаг чамин эдлэл. Харин овор хэмжээний хувьд овор ихтэй, нүсэр байвал тансаг.
|