Товч түүх Австри улсын өнөөгийн газар нутагт анх иллири үндэстэн аж төрж байсан гэдэг. Манай тооллын өмнөх IV-р зуунд энд кельтүүд суурьшин Норик гэдэг төрт улсаа байгуулжээ. Манай
тооллын өмнөх 16 онд Норик улс нь тухайн үед хүчирхэгжиж байсан Ромын
эзэнт гүрний эрхшээлд оржээ. 778 онд өнөөгийн Австрийн газар нутаг нь
Франкийн эзэн хаан Карлын мэдэлд шилжин ирсэн байна. 996
онд анх удаа Австри гэдэг нэрийг түүхийн сурвалж бичигт тэмдэглэн
үлдээсэн байдаг. Австри гэдэг нь герман хэлний Österreich гэдэг үгнээс
гаралтай. 1156 онд Австри нь германы Баварын ханлигаас туурга тусгаарлаж
гүнт улс болжээ. 1276 оноос Габсбургийн удмынхан Австри орныг удирдах
болов. Дундад зууны үед Хорватууд австрийн бүрэлдэхүүнд нэгдэв. 1686 онд
Османий эзэнт гүрний цэргүүд Австрийн нийслэл Вена хотыг бүслэн авч
байлаа. Гэвч Османий эзэнт гүрэн Австрийн нийслэлийг эзлэж чадаагүй.
1713 онд Австри улс итали, мөн голландыг өөртөө нэгтгэж Европын хамгийн
хүчирхэг улс болжээ. 1804-1867 оны хоорондох зурвас үеийг Австрийн эзэнт
гүрэн гэж түүхчид нэрлэсэн байдаг. 1867-1918 оны хооронд Австри-Унгарын
нэгдсэн улс оршин тогтнож байлаа. 1934 онд Австри улсад иргэний дайн
дэгдсэн нь улс орны хүчийг сулруулжээ. 1938 онд Герман улс Австрийг
өөртөө нэгтгэлээ. 1955 оны 7 сарын 27-нд Германы бүрэлдэхүүнээс гарч
Австри улс тусгаар тогтнолоо сэргээжээ. 1995 онд Австри улс европын
холбооны гишүүн болжээ. Газар зүй, уур амьсгал Австри
нь улсын хойд хэсгээрээ Чех, зүүн хойд хэсгээрээ Словак зүүн талаараа
Унгар, өмнө талаараа Словени, Итали, баруун хэсгээрээ Лихтенштейн,
Швейцарь, Германи улстай хил залган оршдог. Австрийн төрийн далбааны
улаан өнгө нь эрх орончдын цусыг, харин цагаан өнгө нь Дунай мөрнийг
бэлгэддэг. Төв Европын энэ улс 83871 кв/км газар нутагтай. Газар нутгийн
70 хувийг уулархаг бүс нутаг эзэлдэг. Австри улс нь Альпийн нурууны
зүүн хэсэг байдаг. Австрийн хамгийн өндөр цэг нь 3797 метрийн
Гросглокнер уулын оргил юм. Австрийн хойд хэсгээр нам дор газар байдаг
тул цаг агаар дулаан. 7-р сард нийслэл Вена хотод дундажаар +19 дулаан.
Зуны улиралд уулын цас хайлж, Дунай мөрний усны түвшин 8 метрээр нэмэгддэг. Уулархаг бүсэд цаг агаар сэрүүн. Өвлийн улиралд
цас их ордог. Австрийн хамгийн алдартай том гол нь Дунай юм. Дунай
мөрөн Австрийн нутгаар 350 км урсан өнгөрдөг. Австри улсад 580 орчим
нуур бий. Австри улс далайд гарцгүй. Хүн ам, хэл, шашин 2010
оны 1 сарын байдлаар Австри улсад 8,375 сая хүн оршин сууж байна.
Австри улсын төрийн албан ёсны хэл нь герман хэл юм. Гэвч австричууд
германы бавар аялгуугаар ярьдаг. Австрийн хүн амын 77 хувь нь хот суурин
газар аж төрж байна. Хүн амын 91,1 хувийг австричууд, үлдсэн хэсгийг нь
хорват, босни, серб, турк гарал угсааныхан бүрдүүлдэг. Сүүлийн үед
афганистан, чечень, курд үндэстнүүд энэ улсад цагаачлах нь түгээмэл
үзэгдэл болжээ. Австрийн хүн амын 73,6 хувь нь католик шашин, 4,7 хувь
нь лютеран, 6,5 хувь нь ислал, мөн оросын үнэн алдартны шашин шүтдэг
байна. Засаг захиргааны нэгж Австри
улс нь Бургенланд, Каринтия, Доод Австри, Дээд Австри, Зальцбург,
Штири, Тироль, Форарльберг гэсэн засаг захиргааны 8 нэгжид хуваагддаг.
Австрийн нийслэл нь Вена хот. Улс төрийн тогтолцоо Австри
улс нь холбооны бүтэцтэй, парламентын засаглалтай бүгд найрамдах улс
юм. Австрийн засаг захиргааны нэгж бүр нь өөрийн хууль тогтоох
байгууллага, амбан захирагч, засгийн газартай. Австри өдөө нийтээр даган
мөрдөж байгаа улс үндсэн хуулиа 1920 онд баталсан. Төрийн тэргүүн нь
Ерөнхийлөгч бөгөөд 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Австрийн засгийн
газрыг Холбооны Канцлер тэргүүлдэг. Австрийн ерөнхийлөгч засгийн газрын
гишүүдийг томилдог. Австрийн парламент нь
Холбооны Зөвлөл, Үндэсний Зөвлөл гэсэн хоёр танхимаас бүрддэг. Холбооны
зөвлөл нь 64 гишүүнтэй. Холбооны зөвлөлийн гишүүдийг тус улсын 8 засаг
захиргааны нэгжийн парламент 6 жил тутам сонгодог. Үндэсний зөвлөл нь
183 гишүүнтэй. Гишүүдийг нь 5 жилийн хугацаатай пропорциональ системээр
сонгодог. Австрийн үндсэн хуулийн цэцийн
гишүүдийг Засгийн газар нь парламентын гишүүдэд санал болгож баталдаг.
Үүний дараа Ерөнхийлөгч албан ёсоор батламж гаргадаг байна. Гадаад бодлого 1955
онд Австри улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаад олон улсын тавцанд
төвийг сахисан байр суурь баримтлах болжээ. Төвийг сахих байр суурь
баримтлах нь Австри улсад олон талт гадаад бодлого явуулахад нь тус
болжээ. Хүйтэн дайны жилүүдэд Австри улс коммунист, капиталист ертөнцийн
хооронд зуучлагч гүүр нь болж байлаа. Австри улс хөрш Швейцарийн
жишигээр төвийг сахих болсон ч түүхийн явцад өөрийн гэсэн өвөрмөц
хувилбараар замнажээ. Австри улс дайнд
оролцохгүй, өөрийн нутаг дэвсгэрт гадаадын цэргүүдийг байрлуулахгүй, мөн
аль ч улстай цэргийн салбарт гэрээ хэлцэл байгуулахгүй гэдэг байр
сууриа хатуу баримтлаж ирсэн Австри улс 1995 онд Европын холбооны гишүүн
болжээ. 90-ээд оны сүүлээр Австрийн улс төрчид төвийг сахих бодлогоос
татгалзаж Умард Атлантын Цэргийн Эвсэлд нэгдэх хэрэгтэй гэсэн байр
суурийг илэрхийлэх болжээ. Европын холбооны орнуудаас Австри улсад хүн
амын амжиргааны түвшин сайн байна. 2009-2010 онд Австри улс нь НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлд байнгийн бус гишүүн нь байлаа. Боловсрол, шинжлэх ухаан Австри улсад ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй, заавал хүн бүр эзэмшсэн байх хуультай. Австри
улсад 2001 он хүртэл их дээд сургууль нь үнэ төлбөргүй байлаа. Австрийн
хамгийн том их сургууль нь 1367 онд байгуулагдсан Вены их сургууль юм.
Мөн Грац, Инсбрук, Зальцбургийн их сургууль нь дэлхийд алдартай. Австри
улсаас олон нэрт эрдэмтэд төрж гарсан байна. XIX-р
зуунд Людвиг Больцман, Эрнст Мах, Виктор Франц Гесс, Кристиан Допплер
нарын эрдэмтэд Австри улсад ажиллаж амьдарч байв. Тэгвэл XX-р
зууны 20-30-аад онд квантын физик, цөмийн физик, квантын механикийн
салбарын нэрт эрдэмтэн Лиза Мейтнер, Эрвин Шрёдингер, Вольфганг Паули
нар амьдарч байлаа. XX-р зууны нэрт философич Людвиг Витгенштейн, Карл
Поппер нар Австри хүмүүс байсан. Мөн Фердинанд Порше, Зигфрид Маркус
гээд зохион бүтээгчид австри хүмүүс. Австрийн шинжлэх ухааны академи нь
1847 онд байгуулагджээ. Урлаг Вены
дуурийн театр 1869 оны 5 сарын 25-нд байгуулагдаж байсан. Австрийн уран
зохиол нь эртний Ромын эзэнт гүрний утга зохиолоос эх авчээ. Тэгвэл
Германы нөлөөгөөр дүрслэх урлаг хөгжсөн байна.
|