Пүрэв, 2024-11-28, 7:55 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 12
Гийчин 12
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 13 » 13 дахь болзоо (2)
1:30 PM
13 дахь болзоо (2)
13 дахь болзоо (2)
Бүтэл муутайхан хоёр болзооноос хойш ээж минь намайг хүнтэй уулз гэж шахахаа болилоо. Эхний хоёр этгээд ихээхэн асуудалтай байсан тухай ээжтэйгээ эвлэрсэн өдөр өвөр дээр нь толгойгоо тавиад эрхэлж хэвтэхдээ хошуугаа унжуулан байж хов хүргэв. Хамгийн анх уулзуулсан хүнтэй ээж гудамжинд санаандгүй таараад, авга эгч нь танилцуулахад миний зугтаасан зөв гэдэгтэй бүрэн санал нийлсэн гэдгээ надад дуулгаж, харилцан яриа ч овоо эв найртай явж байтал,
  • - Ээж ээ, та ерөөсөө санаа зоволтгүй би бүхнийг өөрөө мэдээд л зохицуулчихна гэсэн хэрэг мандаатхав.
  • - Битгий дэмий юм ярь зүгээр. Тэгэх л байсан бол өдий хүртэл амьтны хүүхэд цөм гэр бүлтэй болж, ээж аавдаа ач зээг нь тэврүүлчихээд байхад чи ганцаараа хүнтэй суухгүй юу хийж яваа юм? Балдангийн охиныг хар л даа. Чамаас ч сурлага муутай, нэг их сүрхийгүй л охин байсан. Гэтэл саяхан хичнээн нижгэр хурим хийсэн гээч гэж ирээд л, амьсгаа авалгүй нэг амьсгаагаар дуржигнуулж, гараа зангидан бууж гарлаа.

Энэ довтолгооны хариуд миний хийсэн анхны өчүүхэн ядуухан оролдлого шууд нам дарагдаж, миний хувийн амьдралыг зохицуулах эрх ээжийн гарт хэвээр үлдлээ. Би ч дийлдсэн талын ёсоор өрөөндөө толгойгоо унжуулан орж, ээж юунд намайг хүнтэй суулгах гэж яараад байгаа тухай, миний энэ амьдралын юу нь болж бүтэхгүй байгааг дэнслэн үзлээ.

Миний хувьд бол энэ амьдралдаа 99 хувь сэтгэл хангалуун. Учир нь би өөрийнхөө л төлөө амьдарч, ганц биенийхээ төлөө хариуцлага хүлээж, өрөөлийг хувцаслаж, хооллож, халамжлахад бараг л анхаарал тавьдаггүй юм байна. Би шөнө хүссэн цагтаа гэртээ орж ирж, дуртай цагтаа найзуудтайгаа уулзаж, эсвэл таалагдсан хүнтэйгээ болзоо тогтоож, согтохдоо согтож, цэнгэхдээ цэнгэж, ямар ч шийдвэр гаргасан өөрөө толгой мэдэж, хүсвэл хоол хийж идэлгүй юухан хээхнээр аргалаад унтаж, цалингаа авангуутаа өөр юманд толгой өвтгөлгүй хараа булаасан цүнхээ худалдаж авч чадна. Орой гэртээ ирэхгүй алга болчихсон нэгний төлөө мэдрэлийн эсээ үхүүлж, өглөө босонгуутаа нүүрээ будахын оронд хүүхдийнхээ нүүрийг угаалгах гэж бачимдах шаардлагагүй. Би маргааш ч цүнхээ үүрээд хүссэн газарлуугаа гараад явчихаж болно. Хэн нэгэнд таалагдах гэж хоолны жортой ном тэврэн гал тогоонд өнжих хэрэггүй гээд тоочоод байвал энд багтахгүй олон зүйл бий.

Нөгөөтэйгүүр би бүх юман дээр ганцаар юм байна. Санчигнаасаа бууралтаж байгаа эцэг эх минь мөнх биш хойно хатуу хорвоогийн жамаар би энэ хорвоо дээр нэг л өдөр цор ганцаар хоцроно. Намайг гэх, эвийлж энхрийлэн, дулаан энгэртээ тэврэх, хүйтэн өдөр ажлаас ирж авах, сэтгэл хоосон өдөр хоногуудыг халуун хайраараа дүүргэх, орой ажлаасаа тараад ирэх инээгээд угтах, өөрийн хүч тэнхээ хүрэхгүй болсон цагт тусламжийн гараа сунгах хэн ч байхгүй гэж бодохоор аймаар. Ядахад л айлын ганц охин болохоор төрсөн ах эгч дүү гээд гараа сарвайгаад гүйгээд очих хэн ч үгүй шүү дээ. Тэгээд ч би эмэгтэй хүн болохоор үрийн зулай үнэрлэж, түүнийхээ бяцхан гараас аавтай нь хамт хөтлөөд бусдын урдууд нүүр бардам нуруу цэх алхахыг хүсэлгүй яахав.

Ингээд нэг ялд унасан амьтан шиг нэг оройжин сүүлийн хэдэн жил суугаагүйгээрээ сууж, царайгаа үрчийлгэн баахан юм бодлоо. Хань бүлтэй болох, ганцаараа амьдрахын давуу сул талыг дэнсэлж баахан үзээд,  эцэст нь би насаараа ийм гунхсан хүүхэн явахгүй, нэг л өдөр гоо үзэсгэлэн минь торгоны хээ шиг элэгдэж, ёстой үүдэн шүд унаад ирэхийг цагт үзэж харахын хүнгүй болно гэсэн бодол ялан дийлээд, энэ үеэс ухамсартайгаар болзоонд явах шийдвэрийг өөртөө гаргаваа.

Гэтэл хэдий ээж минь надад санаа тавьж байгаа ч уулзуулж, учруулж байгаа хүмүүс нь нэг л биш. Яагаад гэвэл тэр хүмүүсийг ээж миний нүдээр биш, өөрийнхөөрөө хараад байгаад хамаг учир оршино. Түшиг тулгууртай бөгөөд амьдралаа аваад явчихуйц гэдэгт хамаг анхаарлаа төвлөрүүлчихээр тэр халзан толгой, хамаа намаагүй зан, эрээ цээргүй яриа халхлагдчихдаг юм байна гэж бас дүгнэв. Ингээд би эцэст нь болзоонд явах нь явна, гэхдээ өөрөө өөртөө санаа тавьж, сэтгэл таарахуйц хүнтэй л уулзана гэж шийдсэн юм. Энэ үгийг өөртөө амлаж байхад нүдэнд минь хэд хоногийн өмнө уушийн газар харсан залуугийн төрх үзэгдээд ер болсонгүй. Ямар нэг үл үзэгдэх хоолой надад "тэр чиний хайж яваа хүн мөн" гэж шивнээд, очиж уулз гэж хатгаад байх шиг.

Харин цагаан морьтой ханхүү над дээр ирэх биш, би түүний араас мөрдөж очино, хөөж гүйнэ гэдэг нэг л сонин санагдаад байсан учир би түдгэлзлээ. Гэхдээ л цаг гучин минутын дараа урьд таарсан газартаа түүнийг ирж магадгүй гээд найз бүсгүйтэйгээ сууж байсан юм даа.

Нарийхан шилбэтэй, өндөгний хальс шиг нимгэн хүнхэр том хундаганы дундуур байх улаан дарсны өнгийг анх үзэж байгаа юм шиг ажин, найз хүүхнийхээ хөвөрч дуусдаггүй яриаг залхуутай сонсон суух зуураа хааяа нэг ийш тийшээ нүд гүйлгэнэ. Зарим эмэгтэйчүүдэд хаанаас ийм их хов жив дуулдаж, ярьж барагддаггүй асуудлууд ундран гардаг юм бол гэж гайхангаа хөршийнх нь залуу үдэш бүр өөр хүүхэн авчирдаг тухай нь сонирхох дүр эсгэн аан уун гэж суутал гэнэт үүдээр гэрэл цацрах мэт нүд гялбуулсан нь миний хүсэн хүлээсэн хүн орж ирсэн нь тэр байж. Толгой дээгүүр, харц бардам, хувцаслалтанд нь өө сэв алга. Толгойноосоо хөл хүртэл надад түүнээс тэр гээд заачих өө ч байсангүй, би яг л гуравдугаар ангид байхдаа анхны шохоорхлоо харж байсан үе шигээ амаа ангайлган, шүлсээ гоожуулан өндийтөл тэгшхэн гоолиг урт хөл, миний зүүдэнд л надад байсан урт нарийн шоргоолж шиг нарийн бэлхүүс, хиймэл байж магадгүй бумбагар хөх....Араас нь нэг бүсгүй гарч ирээд, хамтдаа булангийн зайдуухан ширээнд сууж, тэр их л дотно маягтай түүнийг халамжлан байх нь тэр.

Миний түрүүхэн булгилж байсан зүрхний цохилт аажим намслаа. Хорь дөнгөж гарч яваа тэр охин хэзээний сурамгай янзаар сээтэгнэж, үе үе толгойгоо гэдийсхийн инээд алдахад бие галбирын хувьд түүнийг гүйцэхгүйгээ мэдээд атаа хор хөдлөх шиг болж, болдог бол хүлээсэн хүнийг минь булаасан түүнийг дарж аваад шалан дээр унаган үсдмээр хүртэл зэрлэг санаа төрөх юм. Толгойгоо сэгсрэн ухаангүй төсөөллөө хөөх гэж оролдов. Чихэн дээр ялаа дүнгэнэх шиг болсон нь найз бүсгүйн урт яриа дуусаагүй байсан хэрэг. Тэгснээ намайг цочтол дуу алдав.

  • - Хүүшээ чамд хэлээгүй юу. Нөгөө хажуу айлын залуу бас нэг өөр хүүхэнтэй явж байх гэж.
  • - Аль вэ?
  • - Яагаав тэр булангийн ширээнд.
  • - Энэ чиний яриад байсан хүн юм уу?
  • - Тэгэлгүй яадаг юм. Нөхөргүй байсан бол би ч нэг үзээд алдахгүй юу. Нэг оройны явдал байсан ч ер нь яахав дээ гэж тэр гурван хүүхдийн халамжит ээжийн намбаа хэдийнэ гээгээд нүдээ гялалзуулан өгүүлэв.
  • - Энэ чинь тэгээд тийм явдалтай залуу юм уу?
  • - Хүн түрүүнээс хойш амаа чилтэл яриад байхад юугаа сонссон юм бэ? Энэ залуугийн хойноос хүүхнүүд өөрсдөө уралдааны морь шиг л гүйцгээдэг юм. Царайлаг, ганц бие, тэгээд дээр нь мөнгөтэй. Одоо ийм залууг өдрөөр дэн бариад ч олохгүй шүү дээ.
  • - Тэгэхдээ л шалиг гээ биз дээ.
  • - Аа муусайн хүүхнүүд өөрсдөө эвдэж байхгүй, тэрнээс биш их аятайхан ааштай залуу шүү гэж талимааран харна.

Ер нь миний хувийн амьдралдаа баримталдаг нэгдүгээр дүрэм бол хэзээ ч олон хүүхэн сольдог шалиг завхай эрчүүдтэй холбогдохгүй байх. Ямар нэг юм боллоо гэхэд сэтгэл зүрхэндээ хүрч гүнзгийрэлгүй эвтэйхэн хөндийрөхийг эрхэмлэдэг. Эр хүн нэг л тэгж "яваад" сурчихвал хүнтэй суусан хойноо ч зангаа тавьдаггүйг эр нөхрийнхөө элдэв явдалд зүрхээ зүсүүлэн шаналавч, үр хүүхэдтэй болчихсон учир салж чадахгүй зовох найз хүүхнүүдийн амьдрал бэлээхэн гэрчлээд байгаа хойно. Ядаж хүний алдааг давтахгүй амьдарчих юмсан гэсэн бодол сэтгэл зүрхгүй ийм нөхдүүдэд дурлахаас өдий хүртэл хамгаалж ирсэн юм.

Амьдрал яагаад заримдаа жинхэнэ гэж итгүүлэх мөртлөө ингэж хий горьдоодог байна гэж ундууцсаар би найзыгаа чирэх шахам тэндээс гарлаа. Үг сольж ч үзээгүй, ердөө хоёрхон удаа харсан мөртлөө л тэр надад цаанаасаа л их дотно санагдаж, харсан мөчөөсөө л хэзээ нэг өдөр бид хамт тэгээд хооллож суух юм шиг санагдсаныг хэлэх үү урам хугарч байна гэж хачин.

Сэтгэлд таарсан хүнийхээ араас гүйгээд ч хамаагүй өөрийн болгох гэсэн миний агуу төлөвлөгөөний анхны оролдлого ийнхүү нуран унаваа хөөрхий. За яахав гээд мартъя гэх тусам тэр хоёрын жаргалтай нь аргагүй инээлдэн хундага тулгах дүр төрх нүдэнд үзэгдээд хор шар хөдлөн, цээж гашуу оргино. Ердөө л тэр миний бодсон шиг хүсэн хүлээсэн хүн минь биш байж гэж урамгүйхэн бодсоор гэрлээ унтраан орондоо орж, нүдээ хүчлэн анилаа.

Амьдрал гэдэг тааварлашгүй зүйлээр баялаг. Бурхан тэнгэр зүгээр ч нэг тэр залуутай намайг учруулаагүйг тэр үдшээс хойш ганцхан  сарын дараа би мэдсэн билээ. Энэ үед би анхны бүтэлгүй хоёр болзооныхоо дараа гуравдахь болзоогоо хийхээр нэгэн хятад хоолны зоогийн газар очсон байж таарчээ.

Их сургуульд байхдаа ангийн охины төрсөн өдрийг нэгэн хятад хоолны газар тэмдэглэж байхдаа тавганд минь яаж орсныг мэдэхгүй улаан соусанд хутгасан нэгэн төрлийн шавьжыг санаандгүй зажилснаас хойш хятад хоол идэх нь бүү хэл харах бүр дотор муухай оргисоор өдий хүрсэн би аргагүйн эрхэнд тэнд болзсон хүнтэйгээ уулзахаар хүлээж суухдаа, ийм газар уулзахыг хүссэн тэр хүнд дотроо асар ихээр дургүйлхэж байв.  Эргэн тойронд хоол идэж байгаа хүмүүс чанга чанга ярилцаж, хэсэг хятадууд төрөлх хэлээрээ хашгиралдах нь хөөр хөгжөөнтэй мэт авч, үйлчлүүлэгчдийн ихэнх нь гэр бүлээрээ буюу, найз нөхөдтэйгөө ирснийг харахад энд болзож суух надаас тэнэг хүн байхгүй гэлтэй. Хүн хүлээлгэхийн яснаасаа дургүйлхдэг би яг цагтаа ирээд суучихсан байтал уулзах ёстой хүн арван минут өнгөрчихөөд ирээгүй байсан нь бүр ч нэрмээс болж яг тэсрэхэд бэлэн болоод байлаа.

Англал: Уран зохиол | Үзсэн: 1158 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]