Лхагва, 2024-04-24, 6:08 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  2-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 2-р сар » 24 » 13 дахь болзоо (9)
12:48 PM
13 дахь болзоо (9)

Араас минь ирээд аргадаасай ч гэж хүссэнгүй. Угийн шазруун бардам зан минь түүний ирэхийг хүлээх завдал өгсөнгүй, зугтаахын дайтай гүйсээр нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байв. Хөөрхий аав ээж хоёр минь хэл ус буруу япон хүүхний тоглолтыг өөрсдөөс нь илүүд үзсэн ирээдүйн хүргэнээ хүлээж авах бэлтгэл хийн бужигнаж байна. Барагтайд гэрийн ажилд гар дүрдэггүй аав минь тоос сорогч барьчихсан бөгтөлзөхийг хараад гомдол минь эгдүүцэл болон хувирч, тоос сорогчийг нь булаан аваад хамаг уураа хог тоосонд гаргах мэт цэвэрлэж эхэллээ.

Цагийн зүү гялс гялсхийтэл гүйж, нэг л мэдэхэд орой болох тийшээ хандахад өдий хүртэл уучлал эрэн залгах бүү хэл ор чимээгүй болсон Ханхүүдээ жинхнээсээ гомдож, гомдол минь сүүлдээ түгшүүр болох тийшээ хандаж эхлэв. Уяатай юм шиг гар утасныхаа дэргэд эргэлдэвч хүний урманд ганц жин гэж дуугарсангүй. Харин цаг хугацаа л миний бардам зангаа гээн түүнрүү ярихыг хүлээхгүй жирэлзэнэ. Товлосон цаг бараг ирчихлээ.

Эмэгтэй хүний бие давхар болсон эхний хугацаанд огцом илэрдэг сэтгэл зүйн тогтворгүй эмзэг байдал нөлөөлсөн ч байж магадгүй, эргээд харахад бүх бурууг гормоны өөрчлөлтөнд тохмоор санагддаг юм. Нулимс минь зүгээр л горхи шиг урсаад л, тэр их гомдол гэдэг цээжиндээ багтахгүй дэлбэрчих гээд, бүр хэвлийдээ үрийг нь тээж байгаа гэж бодохоор элдэв юм бодогдоод хачин байна гэж. Сүүлдээ утсаа хэд барьж тавин байж түүнрүү залгаж орхилоо. Нөгөө их бардам зан ч яамай болоод, хариу нэхэн бүлтэлзэх ээж аавынхаа санааг амраахаас чухал юмгүй болсон хойно. Утсаа хамаг чангаараа атгачихаад, юу гэхээ бодон шүлсээ залгиж байтал тэр утсыг минь тасалчихав. Уур гэдэг шатаад л, салгалсан гараараа ахиад залгалаа. "Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна"

Тэр утсаа унтрааж орхиж. Өөрөө буруутай мөртлөө уучлал гуйхын оронд буулт хийсэн миний сэтгэлийг үл ойшоон утсаа салгана гэдэг. Тэр тусмаа энэ чухал үед намайг дэмжиж хамт байхын оронд аягүй л бол өнөө тоглолтоо сэтгэл амар үзэж суугаа гэдэг уучилж боломгүй мэт санагдан би дэрээ хазаад л баахан уйллаа. Хэрийн юманд сэтгэл хөдөлдөггүй, найз нараа кино үзэж уйлахад шоолж инээдэг би гэдэг хүн одоо жаахан охин шиг л эхэр татаад уйлж суудаг. Улайж бүлцийсэн нүдээ арчингаа дотроо Ханхүүтэй өнгөрүүлсэн хугацааны бүх дурсамжаа, хамтдаа өнгөрүүлсэн дурсамж дотроос түүний хэнэггүй, хайхрамжгүй зан гаргасан бүх тохиолдол, сэтгэлд минь сэв суулгасан бүхнийг нэгд нэггүй түүн бодож, тэгэх тусам эгдүүцэл улам бүр нэмэгдэн ямар ч байсан түүнийг гуйхгүй гэж бодов.

Гэтэл одоо яах билээ? Хөл алдан бэлдэх аав ээжийгээ яах уу? Ер нь амьдралын ийм чухал үед намайг огт хэрэггүй хүн мэт орхин, өршөөж боломгүй зан гаргаж буй хүнтэй нэг насаа туулж чадна гэж үү? Тэр тусмаа үр хүүхдээ өсгөөд ээж аав болж сууна гэдэг ч дээ. Бас л дэрээ тэврээд орон дээр баахан сууж юм бодлоо. Элдвийн бодол толгойд эрий хурийгүй эргэлдээд салхитай өдөр Улаанбаатарын гудамжаар элин халиж явдаг гялгар уутнууд шиг л хаа сайгүй, тархины нугалаанд очиж наалдаад байх шиг. Надад хайртай ч гэж тоймтой хэлээгүй залуутай хамт амьдрах уу? Эсвэл шарандаа хүүхдээ ганцаараа өсгөөд амьдрах уу? Гэтэл гэдсээ чирчихээд хүн амьтны хэл амны бай болоод, бүх л бэрхшээлийг өөрөө ганцаараа давж гарна гэдэг дэндүү хүнд, байж боломгүй, хэрээс хэтэрсэн ч юм шиг. Дээр нь ээж аавын царай яаж хувирах, хамаатнууд яаж ар хударгаар шивэр авир хийх, атаархаж явдаг хүүхнүүдийн бах тав яаж ханах гээд бүгд л нүдэнд харагдаад. Харин хаа очиж, үр хүүхдээ үгүй хийх аймшигт бодол толгойд огтхон ч буугаагүй юм. Сайн залуу, сайн нөхөр, сайн эцгийн тухай бодол намайг шууд Түвшинд хөтлөн аваачив. Гэтэл би тэр залууг яаж гомдоогоод энэ хайхрамжгүй, хүүхэлдэй шиг сайхнаас цаашгүй залууг сонголоо доо? Утас жин хэмээн дуугарахад цочих, битүүхэн горьдон баярлах би шүүрэн авлаа.

"Сайн байна уу? Сайн сууж байв уу? Найз нь нэг хэсэг гадаадад байж байгаад сая л ирлээ. Бүх юм нь сайн биз? " Сэтгэл тавьсан нь хэдхэн өгүүлбэрээс илт дулаахан мээсэжийг уншаад эмзэглэж байсан сэтгэлийн шарх ахиад л хөндөгдчихлөө.

"Сайн. Бүх юм сайн. Гэртээ л байна." Удаан бодсонгүй хариу биччихлээ. Намайг гэх сэтгэлийнх нь өчүүхэн төдий ч хариу болог.

"Чамайг хариу бичнэ гэж бодсонгүй. Ямар гоё вэ. Найз нь цонхны чинь дор ирчихсэн л байж байна. Сэтгэл гэдэг оосорлож болдоггүй хачин юмаа. Завтай бол гараад ирээч". Яагаад ч юм энэ залууд урьд насандаа өртэй байсан юм  шиг уулзах, харилцах бүртээ ямар нэг зүйлийг, өөрийнхөө сэтгэлээс бусдыг өгмөөр санагддаг юм.

"Чи манай хаалгыг мэднэ дээ. Ирээд дохичих. Би гараад очъё." Машин дотор нь тухлан сууж уулзахаар дэндүү дотноссон хэрэг болчих юм шиг санагдаад би ингэж орхилоо. Миний гомдлыг анагаан тайтгаруулах хүч түүнд байх шиг санагдсан хэрэг л дээ.

Хаалгаа нээвэл тэр яг л хамгийн сүүлд салсан янзаараа, нэг л тийм хайр энхрийлэл гэрэлтсэн нүдээрээ намайг ширтэн зогсоно. Харц нь надад хичнээн их хайртайг нь, миний төлөө юугаа ч зориулахаас буцахгүйг илхэн харуулах аж. Би нэг муухан мушийгаад очиж мэндэлбэл, дандаа дулаахан байх зөөлөн гараараа гарыг минь атгаж мэндэллээ. "Май энийг чамд." Хөөрхөн улаан эрээн алчууртай Матрёшка тоглоом. Дотроос нь дахиад олон хүүхэлдэй гарч ирдэг энэ тоглоомонд би ямар дуртай билээ. Асуух ч үгүй зүгээр л мэдрээд аваад ирсэнд нь баярламаар.

  • - Олон хүүхэдтэй болоорой гэж ерөөж байгаа юм шүү.
  • - За баярлалаа. Ямар гоё бэлэг вэ.

"Хүүе, хүү минь ороод ир. Юунд гадаа зогсоно вэ хүүхдүүдээ. Алив" гэх дуун намайг цочоовол, аав минь хэдийнэ гараад ирчихсэн Түвшинг их л шамдангуй гэртээ урин оруулах нь тэр. Би тайлбарлахаар амаа ангайтал хожимдож. Нэг харахад элбэг баян ширээний ард бид хоёр эгээ л дурлалт хосууд шиг зэргэцэн сууж байлаа. Яг энэ хугацааг хэн нэг нь хурдасгачихсан юм шиг хажууд хүмүүс жигтэй хурдан ярин, инээлдэж, газар дэлхий бүхэлдээ эргэх шиг болж, миний нүд харанхуйлан ёроолгүй нүх рүү унах шиг болж...Нүдээ нээвэл гэртээ орон дээрээ хэвтэж байна. Ээж минь санаа зовонгуй ширтэн хажууд сууна.

  • - Яадаг хүүхэд вэ чи минь. Өдий хүрчихээд томоожих бол байна даа. Ийм том мэдээг нууж явдаг.

Дотор минь пал хийгээд л явчихлаа. Яаж мэдсэн хэрэг вэ. За одоо дүүрчээ. Нөгөө Түвшин яасан болоо? Буцаад л дотор муухай оргин толгой эргэнэ.

  • - Ээж ээ, гэхдээ...Та сэтгэлээ бариарай. Би хүүхдээ ганцаараа өсгөнөө.
  • - Юун хүүхэд?
  • - Та өөрөө намайг жирэмсэн болсныг мэдсэн гээ биз дээ?
  • - Юун жирэмсэн гэж? Түвшин чамайг гэрлэе гэж гуйсныг л мэдсэн гэж байхад.

Ээжийн нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт хадаад л баярт мэдээгээ аавд дуулгахаар нөгөө өрөө рүү гүйж одлоо. Хамаг нууцаа дэлгэж орхисон би сандарч мэгдсэн инээдтэй царайтай, орон дээрээ хэвтсээр үлдэв. Гар утсаа үзвэл Ханхүүгээс баахан дуудлага иржээ. Бас Түвшингээс нэг мээсэж. "Аав ээж хоёр чинь сайн хүмүүс юмаа. Намайг хүлээн зөвшөөрнө, бүр ингэж хүлээн зөвшөөрнө гэдгийг чинь үнэхээр мэдсэнгүй. Чамд баярлалаа. Би хорвоогийн хамгийн жаргалтай хүн боллоо. Энэ мэдээг ээждээ дуулгах гээд би яараад гарсан юм шүү. Удахгүй уулзанаа. Чамдаа хайртай шүү" гэжээ. Юу гэхээ ч мэдсэнгүй, миний, эсвэл хувь заяаны хутгасан холион бантан эцэстээ хичнээн хүний сэтгэлийг шархлуулах бол гэсэн айдас төрүүлнэ. Юу ч гэсэн бушуухан энэ үл ойлголцлыг газар аваагүй дээр нь зогсоохоор шийдлээ.

Ертөнцийн нэгэн будлиант өдөр ард үлдэв. Өдөржингөө л нөгөө өрөөнд ээж аав хоёрын шивнэлдэх, инээлдэх, заримдаа чанга чанга ярих, тэр тусмаа хуримын тов тогтох, бэр гуйлгах тухай, хүргэнийхээ талаар магтан ярилцах ч дуулдана. Тэгж байхад нь би гүйж очоод "Үгүй ээ, Түвшин бид хоёр холбоогүй, би Ханхүүд хайртай, гэхдээ тэр та хоёртой уулзахгүй концерт үзнэ гээд ирээгүй" гэлтэй биш. Ядаж байхад Түвшин арван минут болов уу үгүй юу мээсэж илгээн, тэртэй тэргүй дарамттай байгаа сэтгэлийг бүр ч уймруулчихна. Суугаад л байвал бүх юм даамжраад л байхаас цааш гээд юу ч болсон Ханхүүд үнэнээ хэлэхээр шийдлээ.

Ум хумгүй хувцаслан, цүнхээ шүүрч аваад, ээж аав хоёрыг ам нээж амжихаас нь урьтан гэрээс гаран Ханхүүгийн ажлыг чиглээд гүйчихлээ. Гүйх ч гэж, яг гүйдэгийн даваан дээр урьдны дэгдэж дэрвэдэг дэггүй бүсгүй биш, удахгүй үрийн зулай үнэрлэх ээж болохоо санаад намбалаг алхаж, зөөлөн гишгисээр ажил дээр нь очсон билээ. Хачирхалтай нь тэр байсангүй. Гар утасруу нь залгатал баахан хүмүүсийн шуугиан дуулдсанаа утсаа тасалчихдаг байгаа. Миний хуримтлагдан байсан гомдол, бухимдал дээд цэгтээ тулж, уурласандаа салгалан чичрэх гараараа Ханхүүрүү дөнгөж мээсэж бичиж эхэлтэл дуудлага ороод ирэв.

  • - Байна уу?
  • - Юу байна уу гэж? Чи яасан тайван хүн бэ айн? Танай залуу чинь энд хосоо олох болзоот цугларалтан дээр ирчихсэн хээвнэг хүүхнүүдтэй инээлдээд зогсож байна.
  • - Юун цугларалт?
  • - Юу юу гэж. Ганц бие хүмүүсийн хосоо олох уулзалт гээд байхад. Эсвэл та хоёр салчихаа юу?
  • - Үгүй ээ үгүй. Хаана юм? Би очлоо.

Хаягийг нь  мэдэж авсан би гэдэг хүн уурласандаа хамраараа уур савсуулан өөдгүй түүний өөр бүсгүйчүүдтэй болзож байгаа газар давхиад хүрлээ. Үүдэн дээр нь хамгаалагч зогссон шил толин гоёмсог зочид буудлын хаалгаар урилгагүйн улмаас намайг оруулахгүй гэсэн учир найз бүсгүйгээ дуудаж байж, энгэртээ "13" гэсэн тоо наалгаад дотогшоо арай хийн нэвтрэв. Нүүрэндээ баг зүүсэн гоёмсог дэгжин хувцастай залуус, бүсгүйчүүд том танхим дотор нааш цаашаа хөлхөлдөнө. Найз бүсгүйнхээ нэг ээлжинд солих гэж авчирсан урт даашинзыг чихэлдүүлэн өмсөөд, нэг баг зүүж аваад би ч яваад орчихов. Удаж төдсөн ч үгүй би том хундагатай дарс яаралгүй шимэнгээ ар нуруу нь ил гарсан урт даашинзтай бүсгүйтэй эелдэг ярилцаж байгаа Ханхүүг олж харлаа. Миний юу амсаж өнгөрүүлж явааг гадарлах ч янзгүй хээвнэг зогсох түүнийг ямар ч баг зүүсэн би таних нь тодорхой. Гараа зангидан, хэлэх үгээ цээжиндээ урсган, биеэ арай гэж барьсан би дэргэд нь дөнгөж очтол, танхимын гэрэл гэнэтхэн унтарч, хэдхэн секундын дараа бүдэг ягаан гэрлээр солигдоод, хосууд таалагдсан хүнийхээ дугаарыг зохион байгуулагчид өгч сонголтоо хийхийг зарлалаа. Ханхүүгийн энгэрт гялалзан байсан наймын тоог бушуухан бичиж өгчихөөд, дэргэдээс алга болчихсон түүнийг харцаараа эрж зогстол, төдхөн хөтлөгч хамгийн их санал авч, сонгогдсон нэг эрэгтэй, нэг эмэгтэйн нэрийг дуудав.

  • - За ингээд, хатагтай нарын таашаалд нийцсэн залуугаар....8 дугаартай эрхэм тодорсон байна.

Мэдээж л дээ, муу хөгийн шалиг амьтан чиний мөн чанарыг мэдэхгүйдээ хүмүүс ингэж сонголт хийгээ биз. Дотроо ялзарсан өөдгүй новш гэж зүхэж зогстол,

  • - Аа харин хамгийн их санал авсан үзэсгэлэнт бүсгүйгээр дугаар 13 та шалгарлаа хэмээн хөтлөгч зарлах дуулдаж, хүмүүс нижгэнэтэл алга ташин над дээр тод гэрэл тусан, юу юугүй бүжгийн ая эгшиглэн , өмнө минь хэн нэгэн намайг урьж зогсоно.

Тэр танхимд байх хэдэн ч хос нүд намайг ширтэхийг бүү мэд, аягүйрхсэндээ татгалзаж ч амжилгүй бүжиглэж эхэллээ. Толгой эргэн, нүд бүрэлзэх ч шиг, гэнэтийн энэ үйл явдалд хэт самгардсанаас юу болоод байгааг ч ойлгох тэнхэл үлдсэнгүй. Нүдний үзүүрт найз бүсгүй минь алгаа хорстол таших лав харагдана.

"За одоо ингээд сонгосон хостойгоо арван минут ярилцан танилцах боломж олгох гэж байна. Нэг сонирхолтой мэдээ дуулгахад хамгийн олон санал авсан 13 дугаартай хатагтай дугаар 8-ыг сонгосон тул хамгийн эхний хосоор та хоёр шалгарлаа". Хөтлөгч залуу хүнгэнэсэн баргил хоолойгоор ийн зарлахад би баярласандаа хүлээхийг ч хүсэлгүй, Ханхүүгийн гараас хөтлөн үүд рүү чирлээ. Үүдэнд ирээд багаа хуулахад минь өдий хүртэл анзаараагүй байсан бололтой түүний царай хувиран, хувхай цайхыг хараад, итгэж хайрлаж явсан хүндээ хууртсан миний нүднээс хоёр дусал нулимс бөмбөрөөд энгэрт минь шингэчихлээ.

  • - Чи даанч дээ. Энд юугаа хийж байгаа чинь энэ вэ?
  • - Үгүй ээ, битгий буруугаар ойлго л доо миний хайр. Чи Батааг мэднэ ш дээ. Батаа зүгээр ханиндаа явъя гээд гуйгаад байсан юм байхгүй юу.

Би тэсэлгүй түүний хацрыг тас хийтэл алгадаж орхив. Өмнө нь ширүүхэн хүрэхээс ч хайрладаг байсан түүнийхээ толгойд гар хүрчихсэндээ өөрөөсөө эмээх ч шиг. Үг хэлье гэтэл хоолой ч давсангүй.

  • - Хайраа, чи битгий ингэ л дээ. Миний буруу. Гэхдээ би санаатай ингээгүй ш дээ.
  • - Би уг нь өнөөдөр чамд чухал юм хэлэх гэж яарч ирсэн юмсан.
  • - Ямар мэдээ вэ. Алив хэл л дээ.

Намайг аргадан тайтгаруулах гэж энгэртээ тэврэн гуйх түүний тэврээс мултарч чадсангүй, чаддагаараа хүүхэд шиг чанга бархиран уйллаа. Уйлж уйлж сүүлдээ арай ч тайвшрах шиг. Кинон дээр гардаг шиг гүйгээд зугтаагаад гарна даа гэж бодож байсан биш, өнөө үзэн ядаад уурлаж хорсоод байсан хүнийхээ энгэрт тэврүүлээд тайвширчихна гэдэг сонин юмаа. Эсвэл бүсгүй хүний уяхан зан гэдэг ийм элэг барьж болмоор сул дорой байдалд оруулчихдаг юм болов уу?

  • - За миний ууртай охин одоо битгий уйл гээд тэр нулимсыг минь арчиж тайтгаруулна.

Би ч бүр уярчихаад түрүүний нөгөө их уур хилэн түр ч гэсэн намжаад, халтарсан нүүрээрээ өөдөөс нь ширтлээ.

  • - Би жирэмсэн болчихож.
  • - Юу? Нээрээ юм уу?
  • - Нээрээ. Би өчигдөр л мэдсэн.

Ингэж хэлчихээд түүнийг баярлах болов уу гэж горьдонгуй сэм ажтал миний төсөөлсөн шиг намайг тэврэн үнсэж, хөөр баяр болсонгүй. Нүднийх нь гал цог хүртэл илт буураад явчих шиг.

  • - Чи баярлахгүй байгаа юм уу? Арай гэж уруул давсан үгсийг шивнэн асуутал,
  • - Үгүй ээ, тийм биш л дээ хайраа. Мэдээж баярлалгүй яахав. Гэхдээ арай гэнэт юм биш үү?
  • - Юу гэсэн үг вэ?
  • - Зүгээр л...Бид хоёр ингэж төлөвлөөгүй байсан ш дээ.

Миний сэтгэлд ассан байсан найдлагын сүүлчийн очийг Ханхүү ингээд л унтраачихлаа. Унтраах унтраахдаа бүр дахиж асахгүй болтол нь дэвслээд хаячих шиг. Хорвоод мэндлэх үрийнхээ төлөө баярлахгүй байгаа хүн яаж насан туршдаа түшиг тулгуур болох хань минь болох билээ дээ. Ангайж мэлэрсэн Ханхүүг орхиод, найз бүсгүйнхээ даашинзыг буцааж өгөхөөр дээш өгсөж, хувцсаа солимогцоо түүнийг байгаа эсэхийг ч хайхарсангүй, гэрийн зүг хөдөллөө.

Уруу царайлж, унжийсан амьтан гэртээ орж ирвэл утас дуугарч байна.

  • - Түвшин байнаа. Миний найз гэртээ байна уу одоо?
  • - Байнаа, юу гэж?
  • - Аа тэгвэл аав ээж хоёр нь байна уу?
  • - Байж л байна. Яасан бэ?
  • - Зүгээрээ за за.

Түвшингийн юу бодсоныг сонирхох хүсэл ч надад байсангүй. Хамаг бие хүндрэн нозоорч жигтэйхэн ядрана. Болж өнгөрсөн бүхнийг бодохоос ч залхуу хүрэм, зөөлөн орон дээрээ дээш харан нүдээ аньтал, таатай залхуурал намайг эзэмдэн зүүрмэглэсэн байлаа.

"Миний охион босоорой. Хүмүүс ирлээ. " Ээж минь зөөлөн дугтран намайг сэрээхэд, цагаа харвал лав хоёр цаг би нам унтжээ.

  • - Хэн бэ ээжээ?
  • - Юу хэн байхав. Хадмууд чинь байна. Бид хоёртой танилцахаар иржээ миний хүү. Бөөн баяр. Удахгүй сайн өдөр хадаг сүй тавина гэж байна.
  • - Айн? Ханхүү юу?
  • - Юун Ханхүү гэж. Түвшингээс өөр хэн байхав. Одоо том өрөөнд аавтай чинь ярилцацгаагаад л байж байна. Нэгэнт бие давхар болсных эртхэн нь дээр биз дээ.

Миний толгой ахиад л заадлаараа салах гэж байгаа мэт янгинан өвдлөө. Зогсоож ч амжаагүй байтал миний хөдөлгөсөн галт тэрэг санаанд оромгүй эрчтэй хурдалж, одоо бүр ангалруу унах ойртож байх ч гэж.

Сэмхэн босч өрөөнөөсөө гараад, том өрөөрүү шагайвал Түвшин хэзээний энэ гэрийн эрх дархат эзэн мэт суучихаад, амаа том том ангайн инээж, аав минь  эцэг эх нь бололтой нүдэнд дулаахан хоёр хөгшинтэй хууч хөөрөн жигтэйхэн жаргалтай байх үзэгдэнэ. Гэтэл хаалганы хонх дуугарлаа. Намайг очиж амжаагүй байтал ээж хаалга тайлах дуулдана.

  • - Ор ор миний хүү. Түвшингийн дүү юу? Машинд сууж юугаа хийхэв. Ийшээ том өрөөнд орж суу.

Бүр дүү нь хүртэл ороод ирчихсэнд ундууцсан би том өрөөрүү ахиад шагайтал гартаа цэцэг барьсан Ханхүү гутлаа тайлан орж байх нь тэр. Ээж л болсон хойно хэн гэдгээ тайлбарлах боломж ч олгосонгүй уриад оруулчих нь тэр байж л дээ. Миний зүрх зогсох шахлаа.

Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа

Англал: Уран зохиол | Үзсэн: 1084 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
1 zuni  
0
daraagiinhiig ni hurdan oruulaarai, please

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]