Баасан, 2024-04-19, 3:32 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 19 » 13 дахь болзоо (3)
11:50 PM
13 дахь болзоо (3)
13 дахь болзоо (3)

Эргэн тойрон шарсан хуурсан хоолны, цуу жангийн, миний мэдэхгүй хамар сэтлэм амтлагчийн содон үнэр тархаж, зөөгч охид зогсолтгүй тавагтай хоол барин гүйлдэж, аяга савх жингэнэн харшиж, намайг хүрээлсэн бүхэн тасралтгүй хөдөлгөөн орон хурдасгасан мэт жирэлзэж байснаа гэнэт цаг хугацаа зогсох шиг болж, хаанаас ч юм бүдэгхэн уянгалаг ая эгшиглээд миний харцыг булаасан залуу яг намайг чиглээд алхаж явна. Түүний өв тэгш өө сэвгүй дур булаам царай, зүрх шархлуулам инээмсэглэл, өөртөө итгэлтэй алхаа намайг барьц алдуулж, би ахиад л байрныхаа гадаа анхны шохоорхлоо хараад балмагддаг байсан шигээ ангайн ширтэнэ. Тэгтэл тэр өмнө минь дөхөөд ирлээ, би мэндлэхээр амаа ангайлаа, гэтэл тэр хажуугаар минь өнгөрөөд явчих нь тэр. Хэсэг зуур манарсан байсан толгой эргээд хэвэндээ орж, эргэн тойрны хүмүүс дахин хөдөлгөөндөө орж шуугилдана. Ямар тэнэг байдалд орсноо бодохоос өөрөөсөө ичих шиг, бүр шоолж хөхөрмөөр санагдаж байтал "Сайн байна уу? Мандхай юу?" гэсэн шингэвтэр атлаа аятайхан хоолой намайг сэрээлээ.

-Тийм байна. Та сайн байна уу? гэж мэндлэнгээ харцаараа сонжвол өндөр нуруутай, тун аятайхан царайлаг, бас ч гэж дажгүй хувцасласан, одоогийн байдлаар миний болзсон хүмүүсээс хамгийн боломжийн, бүр аятайхан ч гэж болмоор залуу намайг харан инээмсэглэн зогсоно.

- Хоцорсонд үнэхээр уучлаарай. Яах ч аргагүй яаралтай ажил гараад. Түүнээс биш анхны болзоондоо хоцорч, таныг хүлээлгэе гэж бодоогүй юм шүү гээд хоолойгоо зассанаа ширээнд суулаа. Урьд урьдын адил ямар нэгэн тааламжгүй хүнтэй уулзаж, цаг нөхцөөж ядна гэсэн бодол шувуу шиг нисэн одоод, түүнтэй ярьж хөөрмөөр, чилээгээт тайлтал инээж хөхөрмөөр санагдана. Гэхдээ уулзсан залуугаа хоолны цэс үзэх хооронд би сэмхэн нэг эргэж хараад, түүнийг байгаа үгүйг шалгаагүй гэвэл худлаа болно. "Тэр" миний сэтгэлийг соронзон мэт татаад, хэдий түүнээс дутахгүй царайлаг нэгэнтэй уулзаж суугаа ч юугаараа ч юм нэг л зүйлээрээ онцгой мэдрэмж төрүүлэх юм. Харамсалтай нь тэр харагдсангүй, бодвол цаана байсан тусгай өрөөнд орсон бололтой.

- Та ямар хоол захиалах вэ гэж шинэхэн танил минь "одоо надад анхаарал тавих цаг болсон юм биш үү" гэх шиг эелдэг инээмсэглэнэ.

- Би ч хятад хоолны талаар мэдэх юм маруухан л даа. Энэ самартай тахианы мах зүгээр юм уу даа гэж би даруу төлөв бүсгүйн дүр гарган, намуухан өчлөө.

- За тэгвэл зарим нэг хоол зуушийг би мэдээд захичихаж болох уу?

- Өө тэг тэг. Тэр зөөгч бүсгүйд миний мэдэхгүй хоолны нэрийг харь хэлээр шулганан хэлж байна. Тэгснээ над руу харан мөн л инээмсэглэж,

- За одоо албан ёсоор танилцах уу даа. Миний нэр Манлай.

- Мандхай гээд гар баривал урт нарийхан хуруутай зөөлөн гар, миний санасан шиг дулаахан биш.

Манлай өөрийнхөө тухай цэгцтэй бөгөөд товчхон сайхан танилцууллаа. Ярьж хэлэх нь их эмхтэй бөгөөд дуу нь чихэнд таатай. Урд хөршид чамгүй олон жил сурсан бөгөөд одоо төрийн алба хашиж яваа ганц бие залуу. Өмнөх болзооны марзан яриагаар зэвсэглэсэн нөхрөөс лав тэс өөр. Эмэгтэй хүнд их хүндэтгэлтэй хандах нь надад ч таалагдлаа. Удалгүй хоол зууш ч ирж, бидний яриа ойр зуурын хөнгөн сэдвээс аяарлан, гэр бүлийн амьдрал зохиох тухай болон өрнөв.

Түүний хоол зууш савхдах нь нэн сурамгай бөгөөд шалмаг атал ази хоолонд төдий л дурладаггүй миний дуулгаваргүй гарт савх минь сайн захирагдаж өгөхгүй, бүр нэг удаа чимхэж авсан ногоогоо тавгандаа хүрэхээс хэдхэн ямхын зайнд алдаж  унаган нүүрээ улайлгахад ч хүрэв. Азаар тэр намайг эвгүй байдалд оруулсангүй, яриагаа жигдхэн үргэлжлүүлж, салфеткаар унагасан зүйлийг минь арчаад авчихлаа.

  • - Эмэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ? Бас ямар зан таалагддаггүй вэ?
  • - Би ажилсаг, ухаантай, цэвэрч нямбай, аж ахуйч эмэгтэйд дуртай. Ер нь нэг үгээр айлын эхнэр болоход гэр орноо хэнээс ч дутахгүй аваад явчихдаг байх л хэрэгтэй гэсэн үг. Би олон жил ганцаараа амьдарч байгаа болохоор гэр орны ямар ч ажлыг хэнээс ч илүү хийнэ шүү. Эхнэр минь тэгэхээр надаас илүү байх хэрэгтэй биз дээ.
  • - Аан. Тэгвэл таалагддаггүй нь?
  • - Нуулгүй хэлэхэд зарим бүсгүйчүүд дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй, эрэгтэй хүнийг ашиглах хүсэлтэй болчихсон юм шиг санагддаг. Энэ үгийг сонсоод миний чих ч сортойгоод ирлээ.
  • - Ашиглах гэнээ? За жишээлбэл?
  • - Үгүй яахав дээ. Энд тэнд уулзаж болзоно, дандаа эрэгтэй нь тооцоо хийх ёстой гэсэн ойлголттой. Бүр хүний гар хараад сурчихсан ч юм шиг. Тийм хүүхнүүдэд би үнэхээр дургүй.

Энэ үгийг минь сонсмогц ширээ дүүрэн өрсөн хоолыг хараад миний түрийвчинд хэдэн төгрөг байгаа билээ гэсэн бодол шууд толгойд буулаа. Ядаж байхад олон зүйл давхцаад хоолных нь үнийг ч сайн хараагүй байдаг. Дээр нь цалин буухын яг өмнөхөн болохоор түрийвч бараг хоосрох шатандаа орчихсоныг хэлэх үү. Харин Манлай миний бодлыг тааварласан зүйлгүй мэт инээмсэглэн яриагаа үргэлжлүүлнэ.

  • - Урьд нь үерхэж байсан бүсгүй минь яг л энэ тал дээр дутагдалтай байсан гэх үү дээ. Эмэгтэйчүүд юм л бол эрх тэгш байх гэж ярих дуртай, нөхөр нь ч гэрийн ажил хийж, аяга таваг угаалцах ёстой гэдэг мөртлөө санхүүгийн тал дээр ачаагаа ганцхан талдаа үүрүүлэх нь эрх тэгш биш биз дээ гээд хөмсгөө өргөн надаас хариу нэхлээ.
  • - Аа юу...Тийм тал ч бий л дээ. Гэхдээ...
  • - Бас найз бүсгүй минь гэрийн ажилд үнэндээ гэхэд тааруухан л байсан. Гар хуруу эвдэрчихнэ гээд гараар юм угаахаас татгалзана. Миний дуртай хоолнуудыг ч сайн хийж чаддаггүй. Тэгээд л бид салахаас аргагүй болсон юм даа.
  • - Тийм үү, харамсалтай л юм.
  • - Өө би нэг ч их харамсдаггүй. Нэгэнт таарч тохирохгүй бол эртхэн зам замаа хөөсөн нь шулуухан гэж боддог. Миний хайж яваа эмэгтэй таарна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Эмэгтэй хүн нөхөрт гарахаасаа өмнө өөрийгөө тал талаар боловсруулж, сайн эхнэр, сайн ээж байхад бүрэн бэлтгэгдсэн байх ёстой гээд "Чи тийм байж чадах уу" гэх шиг надруу ширтэв.

За байз би чинь, ямар ч байсан хоол хийгээд хувцас угаачихна, хэрэгцээтэй зарим зүйлээ цалингаараа авчихна... Нэг мэдсэн өөрийгөө шинэ танилдаа нийцүүлэх гэсэн мэт хуруу даран тоочиж, бодчихсон сууж байдаг байгаа. Манлай миний дуугаа хуруусныг үл анзааран бүсгүй хүний эзэмшвэл зохих ёстой чадвар, төрөлхөөс байх ёстой зан чанар зэргийг зогсолтгүй өгүүлнэ. Тэгэх бүртээ миний толгойг хүнд лантуугаар тоншиж, би бүр шал цөмлөн доошоо шигдэх шиг бодогдоно.

  • - За тийм байж. Ингэхэд өнөөдөр чинь баасан гариг юм байна шүү дээ. Даанч гадуур хөл хөдөлгөөн ихтэй байсан юмаа. Би ярианы сэдвийг өөрчлөх гэж хэрэндээ хичээлээ.
  • - Нээрээ тийм байна. Ингэхэд охид бүсгүйчүүд арай л энгэр султай, явдал хөнгөнтэй болоо юу даа. Хуучин найз бүсгүй минь бас л гадуур гарах дуртай хүн байсан шүү. Юм л бол тэр найзын төрсөн өдөр, энэ тэр баяр ёслол гээд шөнө үдэш гараад явчихна. Тэгээд халамцуу орж ирнэ. Эмэгтэй хүн тийм байх муухай биз дээ?

Түүний амнаас тасралтгүй үерийн ус шиг урсах эмэгтэй хүний өв тэгш байдлын тухай, тэр дундаа юм бүхэнд жишээ болгон хавчуулагдах хөөрхий найз бүсгүйнх нь тухай яриаг хэн ч зогсоож дийлэхгүй бололтой. Тэр ихэвчлэн ярьж, би товч маягаар хариулж байтал гэдэс ч цадлаа, тавагнууд ч дундарлаа. Чамгүй удаан ч суучихаж. Би ч одоо явах ойртсон дохио өгөх гэж цагаа харвал,

  • - Алив та ид л дээ. Би арай их хоол захиалчихаж уу дээ. Гэхдээ нэгэнт мөнгөө төлөөд авсан л юм чинь ингээд үлдээх хайран биз дээ гэснээ урдах ногоогоо нэг сайн савхадлаа. Тэртээ тэргүй түүнийг ам хуурайгүй үглэх зуур би хангалттай чихсэний дээр үнэндээ зарим ногоо зуушийг нь идэж чадашгүй байсан тул би татгалзав.
  • - Одоо чинь эдийн засгийн хямрал нүүрлэчихээд байна. Манай монголчууд дэндүү нэрэлхүү улсууд шүү. Харин та надаас нэрэлхэх хэрэг юу байхав. Би таныг "дайлж байна", алив ид л дээ. "Дайлж байна" гэдгээ ихэд өргөлттэй хэлсэн нь намайг эрхгүй савхаа гартаа барихад хүргэлээ.

Ингэж тэгсээр тавагнууд арай гэж нэг юм хоосорч би ч их дарамтнаас салсан мэт дотор уужран, эртхэн гарахын түүс болов. Гаднаас нь харах өөлөх зүйлгүй сайхан залуу ам нээгээд төд удалгүй миний урмыг хугалчихна гэж яаж мэдэх билээ. Би хэтэртэл идсэн гэдсээ дааж ядан босоод гадуур хувцсаа өмсөж, харин тэр тооцоо хийхээр үүдэнд зогсон хэтэвчээ гаргаж харагдана.

Би хэзээний гарахад бэлэн болчихоод байхад тэр ямар нэг зүйл дээр маргалдах бололтой зогссоор. Тэсэлгүй очвол зоогийн газрын карт унших машинд эвдрэл гарсан учир заавал бэлэн мөнгөөр төлөхийг шаардах аж. Манлай тэдэнтэй маргалдах зуураа, надаас тусламж хүслээ. Би ч энд тэндээс ширтэх олон нүднээс эвгүйрэн бушуухан түрийвчээ гаргавал надад байсан хэдэн төгрөгийг нэмээд ч тооцоо дутах нь илэрхий. Үргэлж намайг эвгүй байдалд оруулж байдаг "сохор болзоо"-г дотроо зүхэн, цүнхээ уудалсан ч заримдаа энд тэнд мартагдан нуугдчихсан байдаг мөнгөнүүд гарч ирсэнгүй. Хооллож байх хүмүүсийн анхаарал бидэн дээр тусаад "азгүй амьтад" гэсэн харцаар төөнөх шиг. Би ч ичээд газар дор ороход бэлэн болоод байтал,

  • - Хэд дутуу байгаа юм бэ? Би Мандхайгийн өмнөөс өгчихье гээд сайн санаат нэгэн мөнгөн дэвсгэрт гаргаж тавих нь тэр. Түрүүнээс хойш эвгүйрэн шал ширтэж байсан би толгойгоо өргөвөл "тэр " байлаа.

Ингэж байхаар газар цөмөрчихөөсэй, тэгвэл нэг мөсөн алга болоод өгөх юмсан гэж санаа зовж зогстол сэмхэн сэмхэн харц бэлчээн, сэтгэл зүрхэндээ сониучирхаж явсан хүн минь хаанаас ч юм гараад ирнэ гэж яахан санах билээ. Тэр дутуу байсан мөнгийг зөөгч бүсгүйд өгснөө, бидэн лүү эргэж, Манлай руу гараа сунгаад,

  • - За танилцъя. Би Мандхайгийн ах нь байгаа юм. Найз залуутайгаа явах шиг байхаар нь саад болохыг хүссэнгүй л дээ. Юу байна миний дүү? гээд надруу үнэмшилтэй нь аргагүй ширтлээ.

 Би түүний цэвэрхэн, тэгшхэн хуруунуудтай гар, нэг ч үрчлээгүй цэвэрхэн индүүдлэгтэй өмд, ханхар цээжийг нь тодруулсан даавуун цамц, миний нүүр харагдам гялалзсан хар гутлыг нь хальтхан харж, болж байгаа зүйлд толгой эргэсэндээ бодвол хөндлөнгийн хүнд маанагдуухан харагдахаар толгой дохилоо. Яагаад бурхан энэ хүнд ийм тэгш бие цогцос, дуу хоолой, ухаан бодол заяачихсан юм бол гэж бишрэхийн зэрэгцээ түүнийг Манлайтай харьцуулаад харахад ёстой л бух бензний хажууд зогссон эксел шиг доожоогүй. Үгүй ядаж л хүнээр тооцоогоо хийлгэчихээд санаа зовсон ч шинжгүй арзайтал инээх нь хүртэл бүр зэвүү хүрэм. Тэгж инээхэд нь түрүүнээс хойш анзаарагдсан хорхойтой шар шүд нь цухалзахад дотор арзайж, ийм л хүнтэй намайг уулзаж үерхэж яваа гэж бодно гэхээс нүүр улайна.  

Манлай юу ч болоогүй юм шиг "Баярлалаа, баяртай" гэснээ түүнтэй үг солихыг хүсэн эргүүтэж зогсох миний гараас хөтлөөд "Явцгаая" гэж үүд рүү чирдэг байгаа. Хэрвээ тэр намайг харж зогсоогүйсэн бол би тэр мөчид тэсвэр алдан, "Тавиач" гэж чангаар хашгирч, түрүүнээс хойш дургүй хүргэсэн бүхнийг нь нүүрэн дээр нь хуруу даран тоочин хэлж, эвгүй байдалд оруулсных нь төлөө алгадчихаад гараад явмаар л байлаа. Гэвч бодит амьдралын тайз бодол төсөөллийн зүүдэн талбар нэгэнт биш учир би хэлээ хазан өнгөрүүлж, зоогийн газрын гадна гарсан хойноо гараа угзран авлаа.

Уулзахсан гэж очдог газар нь хүртэл отон байж хүлээсэн хүнтэйгээ заавал яагаад ийм эвгүй байдалд таарах болсон нь нэн гомдолтой. Харин тэр миний нэрийг мэдэж байсан нь хамгийн гайхам бөгөөд бас өнөө оройн ганц баярлам гэгээлэг явдал байжээ. Нэг мэдэхэд би ганцаараа таксинд суугаад гэрийн зүг явж байлаа. Манлай түрийвчиндээ огт мөнгөгүй үлдсэнээ хэлж, надаар гэртээ хүргүүлээд, буухдаа "дараа уулзанаа" гэж ярзайтал инээснээр цааш явсан билээ. Түүнийг орцныхоо үүдээр ороход сая миний дотор уужран гүн амьсгаа авлаа. Тэгээд замын хажуугаар гялалзан өнгөрөх гэрлэн чимэглэлүүдийг харангаа, өнөөдрийн болсон явдал, тэр нууцлаг залуу, бас миний нэрийг мэдэж байсан, намайг аварсан тухай тасралтгүй бодсоор, нэг харахад гэрийнхээ үүдэнд ирчихжээ.

  • - За 4500 гарлаа, миний дүү.
  • - За ах аа. Би мөнгө өгөхөөр түрийвчээ ухтал, мэдээж хоосон. Түрүүн хоолны газар хамаг байдгаа шавхчихсан шүү дээ. Тэглээ гээд гэртээ орж одоо унтчихсан байж мэдэх ээжээсээ мөнгө нэхэлтэй биш.
  • - Ахаа буцаад явъя даа.

24 цагийн турш ажилладаг бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаас өөр сонголт надад үлдсэнгүй. Буцаад л хүмүүс нойрсож байхад ч унтдаггүй их хотын дундуур такситай давхина. Хагас нээлттэй цонхоор орж ирэх зөөлөн салхи үсийг минь илбэн гижигдэнэ. Өдийд зовхи даагдахгүй болтол дарангуйлдаг нойр намайг орхиж, оронд нь хөөгөөд ч явдаггүй догдлол сэтгэлийг минь дарангуйлж байна. Хэрэв өнөөдөр ингээд л өнгөрчихвөл, магадгүй түүнд "баярлалаа" гэж одоо л хэлэхгүй юм бол дахиад уулзахгүй юм шиг надад санагдаад болсонгүй. Хөөрч дэрвэсэн сэтгэлдээ автсан би зоогийн газрын хаалгыг сэв хийтэл татан орж, түүний сууж байсан өрөөний үүдээр сэмхэн шагайлаа.

Дутуу үлдээсэн хоолтой таваг, уруулын будагны мөртэй шилэн аяга, тамхины ишээр дүүрсэн үнсний сав...Тэр явчихжээ. Магадгүй энэ нь ч дээр биз гэж бодлоо. Тэр бас л ямар нэг эмэгтэйтэй явсан байх, тэр миний нэрийг мэдлээ гээд ч яах юм, ийм хүнээс сэтгэл зүрхээ хамгаалах хэрэгтэйгээ мартаа юу гэж өөртөө тушаагаад, бараг л нүдний аягаар дүүрч ирсэн нулимсаа залгиад урамгүйхэн тэндээс гарлаа. Учруулж чадсан мөртлөө, бас зөрүүлж дөнгөсөн хувь заяандаа чимээгүй гомдон, газар шагайн хэд алхтал,

  • - Миний дүү найз залуугаа хаана гээчихээв? гэх танил дуу. Миний бяцхан зүрх гэдэг бөмбөр шиг түчигнэж, итгэж ядан эргээд хартал "тэр". Хэзээ хамгийн сүүлд үнэн сэтгэлээсээ ингэж баярласанаа ч мартаж орхиж.
  • - Тэр миний найз залуу биш ээ.

Би ингэж зоримог хэлээд анх удаа түүний царайг ойрхноос, ингэж удаан тогтож харлаа. Тэр хүүхдийнх шиг булбарай нимгэн, бас цэвэрхэн арьстай, тийм ч тод биш боловч ихэд хэлбэрлэг хар хөмсөгтэй, учиргүй сайхан гэж хэлэхээргүй ч огт муухай гэхгүй монхордуу хамартай, тэгээд миний харцыг анхаасаа л татсан дэндүү гоё, үнэхээр сайхан уруултай. Нэг тийм шунал хөдөлгөсөн, хазаад авмаар, цус гүйсэн, болсон жимс шиг улаавтар уруул. Түүнээс нэг л сайхан үнэр ханхлана. Үнэртэй усны эхүүн, нялуун, хурц үнэр биш, яг л зуны ой шиг, хамар сэнгэнүүлсэн, таатай сайхан үнэр. Харин харц нь нэг удаа харахад л дараа нь хэзээ ч мартаж чаддаггүй  соронзон мэт нууцлаг бас дөлгөөн, гүнд нь ямар ч гайхамшиг нуугдан байж мэдэхээр, тийм хараад л баймаар.

  • - Ийм сайхан бүсгүй тэр залууд ахадна гэж бодсон миний таамаглал зөв байжээ.
  • - Харин та найз бүсгүйгээ хаана орхичихсон юм?
  • - Надад найз бүсгүй байхгүй ээ.
  • - Тэгвэл хамт явсан тэр эмэгтэй чинь?
  • - Бид хамт ажилладаг, ажил хэргийн холбоотой л төдий. Хэрвээ түүнээс өөр холбоо байсан бол өдийд та бид хоёр ингээд алхаж явахгүй шүү дээ.

Энэ үгс нь худлаа байсан ч, намайг магтаж байгаа үгс нь ээлжит бүсгүйгээ урхидахдаа санаа зоволгүй амнаасаа унагасан үгс төдий байлаа ч надад сайхан байлаа. Мартагдаж орхисон мэдрэмж, жаргал, баяр хөөр намайг бүчин авч, түүнтэй хамт зүгээр л гудамжаар алхаж яваа нь яг үүлэн дээгүүр хөвж яваа юм шиг жаргалтай.

  • - Нээрээ ингэхэд та миний нэрийг яаж мэддэг билээ? Мандхай гэхэд чинь би хичнээн их гайхсан гээч.
  • - Надад чиний тухай мэддэг зүйлс зөндөө бий.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Уран зохиол | Үзсэн: 1194 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]