Баасан, 2024-04-26, 6:09 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  4-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 4-р сар » 2 » 13 дахь болзоо (10) - ТӨГСГӨЛ
7:21 PM
13 дахь болзоо (10) - ТӨГСГӨЛ

Яг тэр мөчид цаг хугацааг түр зогсоогоод сайтар харвал, "худууд, Түвшин" гэхийг дуулаад мэл гайхсан Ханхүүгийн дээшээ өргөгдсөн хөмсөг, "хөл хүнд" гэж аавыг хэлмэгц юу гэхээ мэдэлгүй амаа ангайсан Түвшин, цэцэг барьсан танихгүй залууг хэн болохыг гайхан харсан Түвшингийн аав ээж хоёрын асуунгуй хос нүд, хүмүүсийн царайны хувирлаас хэрэг бишдсэнийг түргэн анзаарсан ээжийн балмагдсан харц. Харин нэгхэн хормын дараа тэр бүх хос нүднүүд хаалгаар хэрэндээ мэдэгдэхгүйг хичээн цухуйлгасан миний сэгсгэр толгойн дээр туссан байлаа. Яг энэ мөчид аль болох түргэн хувцсаа өмсөөд хэний ч олохгүй газар луу хөлийн хурдаар зугтаах хүсэл дэндүү их төрсөн ч гэнэтийн цочролд орсон миний бие хөдөлж  ч үл чадан, автобусанд орох гээд толгойгоо хавчуулчихсан хүн шиг манарсан байдалтай зогссоор.

Хэзээний анзаарга муутай аав ганцаараа түрүүчийнхээ яриаг үргэлжлүүлэн байснаа,

  • - Өө ашгүй, миний охин ороод ирээч гэж чанга дуугаар дуудахад өөрөө сэтгэж үйлдэл хийх чадваргүй байсан би робот мэт автоматаар захирагдан өрөөнд яваад орчихлоо.
  • - Битгий модон өмд өмсчихсөн юм шиг зогс гэм гэж аавыг хэлж амжаагүй байтал, Түвшингийн ээж бололтой нүдэнд дулаахан махлагдуу бор авгай,
  • - Алив миний охин гээд мэндлэх гэж хошуу цорвойлгон зүтгэв.

 Ханхүүгийн харц түлэх мэт цоргиж байгааг мэдсэн ч настай хүнийг гомдоож чадсангүй үнсүүллээ. Ахиад аавд нь үнсүүллээ. Гэтэл зочны өрөөний хаалга дуугарах сонсогдож, эргээд харвал Ханхүү гараад явчихаж. Түвшингийн гомдож мэлэрсэн харцанд харцаараа уучлал эрчихээд би эргээд гарлаа. Авчирсан цэцэг нь үүдэнд хэвтэнэ, харин эзэн нь хувцсаа өмсөөд гарчихаж. Би гэрийн улавчтай чигээрээ орцонд гүйн гарлаа, түүний ор мөр ч алга. Орцны үүдэнд амьсгаадан гартал машин хүчтэй хаазлах дуугаран, Ханхүүгийн цагаан тэрэг ухасхийн явж одов. Хүйтэн зэврүүн салхи "Хохь чинь" гэх шиг хацар хоолой алгадан, цөхөрсөн харцаар түүнийг үдэхээс өөрийг би хийж чадсангүй.

Хайртай залуу минь надаас уучлал гуйж, магадгүй эцэг болох хариуцлагаа хүлээн хамтын амьдралаа зохиоё ч гэж хэлэхээр ирсэн байж мэднэ. Гэтэл би гэдэг хүн өөр нэг сүйт залуу, бүр түүгээр ч барахгүй ээж аавыг нь авчирчихсан, сүй тавьж хурим хийх тухай яриад сууж байх ч гэж. Гэртээ ормогцоо зочны өрөөнд оролгүй өрөөндөө орон, Ханхүүг юутай ч олж уулзахаар хувцсаа солих гэж байтал хаалга дуугаран, Түвшин ороод ирлээ. Нүдэнд нь эргэлзээ тээнэгэлзээ, урам хугаралт, гайхшрал тодроно. Би ч юу гэхээ мэдсэнгүй, түүнийг дур мэдэн түргэн зан гаргаж, бүр хайртай залуугаа алдахад минь хүргэсний төлөө уурлан загнах ёстой юу, эсвэл аав ээжид нь үнсүүлж, бэр нь болно гэж буруу ойлголт өгснийхөө төлөө уучлал гуйх ч ёстой юм уу. Хэн хэнээ харж чадахгүй, газар шагайн хэсэг сууцгаалаа.

  • - Чи бие давхар гэдгээ яагаад хэлээгүй юм?
  • - Үгүй ээ, би өөрөө ч саяхан л мэдсэн л дээ.
  • - Тийм болоод л чи надтай суухаар зөвшөөрсөн гэж үү?
  • - Үгүй ээ, ерөөсөө ч тийм биш. Чи бүгдийг нь буруу ойлгоод байна.
  • - Зүгээр ээ. Би чамайг ойлгож байна. Чи намайг сэтгэлийн хөөрлөөр хөнгөн хуумгай шийд гаргадаг хүн гэж битгий бодоорой. Гэхдээ би сайн аав байж чадна.

Сүүлийн өгүүлбэрээ санаашрангуй боловч бат итгэлтэй хэлэхэд нь яагаад ч юм миний сэтгэл уяран догдолж, яг л түүнийг гэрлэх санал тавьж байхад төрсөн шиг тийм нэг гэгэлгэн мэдрэмж цээж дүүрэн. Гэвч гарт минь зөөлөн хүрэх түүний гар миний атгаж, үнсэж, тэврүүлж, хайрлуулж дассан гараас өөр. Юугаараа ч муухай биш, юугаар ч дутуу биш. Зүгээр л тэр гар өөр. Яг л өмнө минь суугаа зүйрлэшгүй сайхан сэтгэлтэй, үнэнч, ухаалаг энэ залуу аль ч талаараа миний Ханхүүгээс дутуу гээд хэлчих зүйл үгүй л мөртлөө миний зүрх түүний өмнө тэгж ихээр догдлон амилахгүй юм. Учир нь тэд өөр хүмүүс. Харин нэгнийх нь л өмнө миний бардам зан, аминч сэтгэл, ойворгон дураараа зан нугарч, түүний л дэргэд сэтгэл минь хаврын анхны бороо шиг уярам, гэгээхэн, зүйрлэшгүй жаргалтай байдаг.

  • - Түвшээн, би чамд буруу ойлголт төрүүлж, ээж аавыг чинь хүртэл үүндээ хутгасандаа харамсаж байна. Намайг уучлаарай.
  • - Надаас битгий уучлал гуй л даа. Хайранд уучлал гэж байхгүй. Тэгээд ч чи миний өмнө нэгээхэн ч буруу зүйл хийгээгүй. Харин аав ээжийгээ чамд хэлэлгүй аваад ирсэн нь миний буруу. Ээж аав хоёр чинь тэгж сайхан хүлээж авсанд би догдлоод, дээр нь миний ийм удаан хүлээсэн боломж хүрээд ирэхэд алдахгүйн тулд л ингэчихсэн хэрэг. Надад чи хүүхэдтэй, хүүхэдгүй байх хамаагүй ээ. Чиний минь нэг хэсэг болохоор би адилхан л хайрлана.
  • - Гэхдээ би чамд өөр хүнд хайртай гэж хэлж байсан шүү дээ. Чамайг би сэтгэлдээ боловч мэхэлж хуурч амьдрахыг чи хүлцэнэ гэж үү?
  • - Чи л миний дэргэд байвал би юуг ч тэвчинэ.

Хүчирхэг, сайхан сэтгэлтэй эр хүн миний өмнө ийн шалдаа буун, хамгийн боломжгүй нөхцөлд хүртэл бууж өгөн, миний л гарыг атгахын төлөө юугаа ч үл хайрлахыг хараад сэтгэл минь шимширлээ. Яагаад Ханхүү миний өмнө байхгүй, харин огт өөр нэг залуу түүний үүрэх ёстой хариуцлагыг хүртэл үүрээд надтай гэрлэхийг гуйна вэ. Надаас юу ч аваагүй мөртлөө юунд миний өмнө буруутан мэт тэр толгойгоо унжуулж суух ёстой гэж? Гэтэл үхтлээ хайрлан хир халдаахгүй харамладаг Ханхүү минь зүгээр л хаяад гараад явчихсан шүү дээ. Ядаж учраа ололцохыг ч хүссэнгүй. Би шийдвэрээ гаргалаа.

  • - Би зөвшөөрч байна.

Эргэж буцааж болохгүй энэ үгийг хэлсний дараа бүх юм гэрлийн хурдаар болж өнгөрлөө. Нэг л өглөө гарт минь сүйн бөгж зүүгдэж, нэг харахад гэдсээ томрохоос өмнө амжуулах гэсэн хурим болон өнгөрч, ахиад нэг харахад би шинэ байранд Түвшингийн эхнэр болоод, цайг нь чанаад зогсож байна. "Өвгөөн, цайгаа уугаарай" гэж хэлэх гэтэл хугацаа нь болоогүй мөртлөө дуншин өвдөж эхлэх нь тэр. Хагас сарын өмнө хорвоод мэндэлсэн бяцхан хүүдээ бид хоёр "Жаргал" гэж нэр хайрлалаа.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч хүү минь нэг мэдэхэд бага сургуульд орох болчихож. Түвшин бид хоёр ахиад нэг жижигхэн гүнжтэй болсон. Хүүхдийн баярын өдрөөр Түвшин ууттай бэлэг барьсаар орж ирээд, хоёр хүүхэддээ өгтөл, хүүд минь ганц жижигхэн машин, охиндоо болохоор бүхэл бүтэн барбины байшин, шуудай дүүрэн шахам амттан чихэр өгдөг байгаа. Би нууцхан дүү охиноо атаархангуй харах хүүгийнхээ толгойг аргадангуй илбэтэл,  

  • - Ээж ээ, миний аав өөр хүн байдаг юм уу? Нандиа эгч тэгж хэлсэн хэмээн нүүрийг минь улайтал палхийтэл хэлж орхив.

Түвшин энэ үгийг сонсмогцоо царай нь хувьсхийн охиноо салхилуулахаар гарч одлоо. Хүүгээ өрөвдсөн би өрөөндөө орж, түрийвчиндээ олон жил далд нууцалж ирсэн Ханхүүгийнхээ зургийг гэр бүлийнхээ зурагны ард талаас гаргаж ирээд, зөрүүд бөгөөд нууцлаг боловч хэзээ ч сэтгэлээс минь салаагүй хайрыг нь үгүйлэн нулимс унагана.

Төсөөллөөсөө айсан би дэмий бодлоо зайлуулах гэж толгойгоо сэгсэрлээ. Цагаа тулахад хүн гэдэг хэдхэн хормын дотор боловч амьдралынхаа чухал шийдвэрийг гаргахад хэрэгтэй төсөөлөл эргэцүүллийг хийж чаддаг л юм билээ.

  • - Баярлалаа. Намайг ийм их, өөр хэн ч хайрлаж байгаагүй агуу ихээр хайрласанд чинь баярлалаа. Гэхдээ би чамайг ч, өөрийгөө ч хуурч амьдармааргүй байна. Зүгээр л ганц бие амьдралаас айсандаа чиний нэг насны амьдралаар тоглох бөх зүрх надад алга даа. Чи намайг ойлгоорой.

Түвшин ахиж юу ч хэлээгүй. Гэхдээ харцанд нь шаналал харуусал гомдол дүүрэн байсан. Тэр тэгээд чимээгүйхэн гараад явчихсан. Би өрөөнийхөө хаалгыг сайтар хаагаад орон дээрээ хөнжлөөрөө хучин сууж, бүхнийг сайн гэгч нь тунгаалаа.

Нэг л өдрийн дотор би амьдралдаа байсан хоёр эр хүнийг алдчихлаа. Нэг нь өө хэлэмгүй сайн хүн, миний төлөө юу ч хийхээс буцахгүй, юм юмаараа бүсгүй хүний хүслэн болсон сайхан залуу. Харин нөгөө залуу нь түүнтэй харьцуулахад гарын хуруунд багтамгүй олон дутагдалтай, хайр халамж тавих, хариуцлага хүлээхдээ маруухан. Гэнэтийн тааварлашгүй тогтворгүй зангаараа хэзээ ч ямар ч ухаан алдам үйлдэл хийж мэдэх л хүн. Надад хэн хэнтэй нь байх боломж байсан ч би хоёуланг нь ингээд алдчихлаа.

Нэг бодлын хязгааргүй хоосон, ганцаардмал, хүйтэн мэдрэмж нөмөрч, нөгөөтэйгүүр одоо сэтгэл шаналах юмгүй тайван болчихсон ч юм шиг. Саяхан толгой өвтгөж байсан олон асуудлыг би зүгээр л мартахаар шийдлээ. Аав ээж хоёр, Түвшингийн аав ээж, Түвшин, Ханхүү ч яах нь одоо надад хамаагүй. Би одоо ганцаараа биш. Хэвлийд минь бяцхан амь амьдрал торниж байгаа. Тэр миний үргэлжлэл, хайртай хүний минь тасархай.

Орон дээрээ хайртай бамбагар цагаан баавгайн дүрстэй чихмэл тоглоомыг тэврээд, нүдээ эргэлдүүлэн байж баахан юм бодлоо би.

Ашгүй ээж аав хоёр ямар завшаан тохиосныг бүү мэд, гараад явцгаачихаж. Хайртай хүнтэйгээ амьдрах мөрөөдөл, эсвэл өөрөө хайргүй ч надад хайртай хүний халамж хайранд умбаж амьдрах, үрийнхээ төлөө дэргэдээ түших ханигүй ч урагшлах нэг зам. Ээж аав хоёр минь хайр сэтгэлээрээ нийлсэн гэдэг. Тэр үедээ над шиг ингэж толгойгоо гашилгах шаардлага гараагүй нь лав. Харин орчин үед миний л мэдэх олон хүн хайр гэхээс илүү тооцоо, төлөвлөгөөн дээр суурилж гэр бүл болж байна. Хайр гэдэг чинь савангийн хөөс шиг хэврэг, зэрэглээ шиг хуурамч, харин сайн нөхөр гэдэг сэтгэлээр уяагүй байсан ч нэг насны баталгаа гэж тэд надад баталцгаана. Гэтэл ийм л амьдралыг зохиох гэж өдий хүртэл ганц бие явсан гэж үү? Тэгэх бүр охиндоо уут дүүрэн бэлэг, миний хүүд ганцхан машин барьж зогсох ирээдүйн Түвшингийн дүр хүртэл орж гарна. Юуны учир Ханхүүд уурлан гомдоод байгаагаа бодоход ноцтой гэмээр зүйл ч нэг их байсангүй.

Хүүхэдтэй болсноо дуулгахад баярласангүй гэж үү? Гэтэл тэр минь цэцэг бариад л ирсэн байсан шүү дээ. Бүх зүйл нааштай шийдэгдэх гэж байсан ч юм билүү. Миний алган дээр Түвшинг сонгох зуун шалтгаан, Ханхүүг сонгох ганцхан шалтгаан байлаа ч сэтгэл минь түүн рүү л тэмүүлнэ гэдгийг би мэдэж байв. Толгойгоо эргэтэл ганцаараа ингэж баахан бодлоо.

Бодож бодож юуг ч шийдэж чадсангүй. Зүгээр л Ханхүүгийн намайг харсан тэр харц, итгэж ядсан, гайхширсан, бас уурсаж гомдсон хурц нүд. Тэгээд завсраас нь Түвшингийн арга тасарсан, гуйж цөхөрсөн дөлгөөхөн нүд. Хажуугаар нь ээж аав хоёрын хуриманд бэлтгэнэ гэж баярлан гялалзсан нүднүүд, хэрвээ одоо хурим хийхгүй болсон гэвэл улаанаараа эргэлдэж мэдэх бодохоос зүрх үхмээр харцнууд. Хаалганы цоож үүдэнд торжигонон дуугарч байна.

  • - Миний охион, шууд хуримын өдрөө товлоё гэж байна. Гэдсээ томрохоос өмнө хуримаа хийчихсэн нь зүгээр биз дээ гэж ээжийн дуу хадна.
  • - Түвшингийн аав ээж хоёр ч зөвшөөрч байна билээ. Энэ сардаа хийчихвэл ямар байна? Мөддөө дахиад сайн өдөр алга шиг билээ гэж аав хүнгэнүүлнэ.

Түвшин аав ээждээ учрыг тайлж хэлээгүй бололтой. Тэгснээ хэзээ утсаа солилцчихсоныг бүү мэд аав ээж хоёр үгсэн байж, Түвшингийн гэрийнхэнтэй ярих дуулдана. Юу юугүй бүр хурим хийх тухай, элдэв нарийн ширийнийг хүртэл хэлэлцэнэ. Одоо энэ будлианыг яаж нэг залруулна даа гэхээс толгой бүр өвдөх шиг. Дээр нь хурдхан эмнэлэг орж, эход харуулж, хүүхдэддээ анхаармаар байдаг. Ээж лав найр хурим гээд, намайг бараг анхаарах ч сөхөөгүй байх бололтой. Надтай байж хаширчихсан юм шиг ингэж  байгаад нь хүртэл гомдмоор ч юм шиг.

Найр хуримын талаар ээж аавдаа үнэнээ хэлээрэй гэж Түвшинрүү мээсэж биччихээд утсаа хаачихлаа. Хийгээгүй хуримын тухай зар ээжийн амаар хамаатан садан дунд хүртэл түгэн дэлгэрээд янз бүрийн хүмүүс, хаанаас дуулсныг бүү мэд, хүүхэдтэй болж хурим хийх тухай минь асуух тул төвөгшөөн унтраасан нь тэр. Хэзээний гэрлийн хурдаар мэдээ түгээгч ээж минь хичнээн хүнд энэ тухай ярьсан бол гэхээс яс хавталзах шиг. Гэтэл нөгөө сүйт бүсгүй нь нэг ч сүйт хархүүгүй сууж байдаг. Ханхүүгийн утас руу залгая гэж бодсон ч зүрх хүрсэнгүй, тэгээд ч хүүхэдтэй болсноо дуулаад баярлаж хөөрөөгүй өөдгүй царайг нь санахаас түүнийг царай алдаж гуйх хүсэл бүр ч төрөхгүйгээр үл барам, хэзээнээс ихэвчлэн надад гай л тарьдаг дэмий бардам зан дүрсхийтэл асчихсан байдаг.

Маргааш нь ажил дээрээ очвол бүхэл бүтэн арав хоногийн томилолт намайг хүлээж байлаа. Бүх юмнаас ангижран салахын хүслэн болж байсан би шуудхан л гэртээ харьж юм хумаа бэлдээд, ээждээ зурвас үлдээн, уухайн тас замд гарч одов. Хотын утаанаас салмагц эрүүл тунгалаг агаар цээж дүүргэн, харах нүдэнд тээглэх утаа униарын оронд цэлмэг хөх тэнгэр мэлмий гийгүүлж, сэтгэлд дараастай байсан бүхэн хотод, ард минь үлдэх шиг санагдаад, нэг л санаа амарч, дуу хүртэл аялмаар санагдана. Жолоочдоо аяар явахыг сануулж, томрох болоогүй гэдсэн дээрээ гараа энхрийлэн тавилаа. Энэ гайхалтай сонин, хязгааргүй энхрий, хайр дүүрэн мэдрэмжийг үзэлгүй өдий хүрсэндээ өөрийгөө зэмлэмээр. Миний дотор гайхамшиг бүрэлдэж, амьдрал бий болсон гэхээр намайг хорвоод төрүүлсэн ээжийгээ бахдаж, дотроос минь төөнөх, сэмхэн зовоох ганцаардлыг минь үгүй хийх бяцхан үрээ бушуухан төрүүлээд тэврэн үнсмээр санагдана.

  • - Дүү охин хацар нь улайгаад л. Дурлачихаа юу? Жаргалтай хатны хацар улаан гэж үг байдаг байхаа. Жолооч ах нүдээ ирмэн инээмсэглэн өгүүлнэ.
  • - Тэрнээс ч сайхан юм бий.
  • - Тэгвэл сугалаанд хожоо юу?
  • - Тэгсэн. Бүүр их том хонжвор таарсан.

Нээрээ амьдрал гэх азын их сугалаанаас надад ямар том хонжвор таарсныг бодохоос улам баярлан, дуу аяллаа. Бүр нөхөртэй болох, хүүхдээ эцэгтэй өсгөх дээр хүртэл санаа зовсонгүй, хачирхмаар. Ханхүү эргэж ирэхгүй байх, Түвшин хурим найрын будлианыг хэрхэж буйд ч санааширсангүй. Хэргээ бүтээсэн хүн шиг би жигтэйхэн жаргалтай, бүр зарим хүн тэнэг ч гэж зэмлэж болохоор тайван байлаа.

Томилолтын арав хоног нүд ирмэхийн зуур өнгөрч, нэг л мэдэхэд би эргээд саарал малгайтай, бараан цувтай баатар нэртэй хотруугаа давхиж явлаа. Гэр ойртох тусам зүрх үхэж, одоо бас ямар асуудал шуугиан угтах бол гэхээс дотор арзайна. Хүнд юм өргөхгүй гэж ганц муу цүнхээ ажил дээрээ үлдээгээр гэртээ орохын өмнө дэлгүүр оронгоо, сонин худалдаалдаг цэгийн хажуугаар өнгөрлөө, өнгөрч явангаа юу харснаа бодлоо, буцаад ирлээ. Томоохон сэтгүүлийн тэргүүн нүүрэнд "Нэрт загвар өмсөгч Ханхүү амраг бүсгүйтэйгээ сүй тавьснаа зарлалаа" гэсэн нүд бүлтийлгэм мэдээ байхын зэрэгцээ, 20 дөнгөж гарч яваа болов уу гэмээр залуухан гоолиг бүсгүйг тэвэрсэн зураг нь нийтлэгджээ. Салгалсан гараараа мөнгө сарвайгаад өнөөх сэтггүүлийг авч үзвэл, "Бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг залуухан царайлаг загвар өмсөгч залуу хуримаа хийхээр болжээ. Олны нүднээс нууж байсан царайлаг эрлийз бүсгүйтэйгээ авахуулсан зураг нь интернетээр цацагдсанаас хойш, олны нүднээс цэрвэлгүй хаа сайгүй дагуулж явах болсон байна" гэснийг уншаад нүд харанхуйлаад явчихав.

Дотроо сэмхэн нэг л өдөр над дээр ирнэ дээ гэж итгэж байсан хүнээ өөр бүсгүй тэврэн зураг авахуулснаар барахгүй, бүр өнөө маргаашгүй хуримлана гэснийг мэдээд амьсгаа дээрдэн, дотор бачуурч, юу юугүй зогсож байсан газраа нүүрээ дараад бархирч уйлмаар ч юм шиг. Бушуухан гэртээ орж, утсаа цэнэглэвэл янз бүрийн мээсэж, гэтэл Ханхүүгээс "Холбоо барь. Яаралтай" гэсэн нэг л мээсэж хоёр өдрийн өмнө ирсэн байна. Шуудхан түүнрүү залгалаа. Дүүд дүүд гэж дуудах бүр ямар мэдээ дуулах бол гэхээс зүрх амаар гарчихмаар түгшинэ.

  • - Байна уу? (бүсгүй хүний ялдам нялуун дуу гарах нь тэр)
  • - Ханхүүтэй ярья.
  • - Энэ утсан дээр байхаа больсон.

Дийд дийд дийд. Асуухаас минь өмнө тасалж орхилоо. Эргээд ирэхэд бүх юмны зангилаа тайлагдчихаад хүлээж байна гэж найдаж байсан атал бүр ч холион бантан хутгагдчихсан байдаг. Мээсэжнүүдээ шалгалаа.

"Мандхай эгчээ, хуримаа хийх болсонд нь баяр хүргэе. Би даанч оролцож амжихгүй нь маргааш нислээ. Уг нь дахиад нэг хоноод орчихоод явмаар байгаа ч, болохгүй нь. Хайртай шүү, Минжээ". Германд сурдаг үеэлээс минь ирсэн мээсэж намайг бүр гайхшруулж орхив. Хэзээний цуцлагдсан байх ёстой хурим ингэхэд хэзээ болох болсон гэж? Хувцсаа сольчихоод хир буртагнаасаа салахаар угаалгын өрөө зүглэвэл ээжийн орон дээр байх нүд гялбам нэг зүйл хараа булаана. Нүдэндээ ч итгэсэнгүй, хуримын цагаахан даашинз, яг л миний өмсөхийг мөрөөдөж явсан тэр даашинз. Харваас надад яг таарахаар миний хэмжээ, дэргэд нь гоёмсог өндөр өсгийт, хүзүүний зүүлт, ээмэг хүртэл иж бүрдлээрээ. Толины урд угалз хээтэй дөрвөлжин цаас, шүүрэн авбал хуримын урилга. Нэг дор олон гэнэтийн мэдээ хүлээж авсан миний амьсгал зогсох шиг санагдав. Яах аргагүй маргааш Түвшин бид хоёрын хурим болно гээд цагаан дээр хараар дурайтал биччихэж.

Орой аав ээж хоёрыг ирэхэд өнөөх хуримын урилгыг гартаа бариад том өрөөнд хүлээж суулаа. Орой болтол гадуур явсан нь яах аргагүй хуримын бэлтгэл бололтой. Уурлаж загнана гэж бодож байсан би бодох бүр гомдолдоо шигдэж, улам ч уяхан болчихсон сэтгэл өвдөж, нүднээс нулимс под под хийтэл урилганы цаасан дээр дуслана. Надаас асуух ч үгүй ийм том хэргийг сэдчихсэн гэхэд хайртай аав ээж хоёртоо итгэж  үл чадна. Ер нь кинон дээр л баймаар ийм хачин үйл явдал амьдрал дээр тохионо чинээ яахан санах билээ. Аав гэмтэй хүн шиг чимээгүй шуухитнаж, ээж дэргэд минь суугаад бөмбөрөх нулимсыг минь арчин тайтгаруулав.

  • - Миний охин битгий уйл. Нэгэнт та хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй, тэгээд үр хүүхэдтэй болох гэж байна. Түвшингийн аав ээж ч хөдөө нутагтаа буцахаас өмнө гээд ингэж тохируулсан юм. Амихандаа л чамд сюрприз бэлдэж байгаа царай нь л энэ. Тэгээд ч бөө юу гэж хэллээ дээ. Бүсгүй хүн чинь ингээд нэг л өдөр айлын гэргий болоод төрсөн гэрээ орхиод явах хойно.
  • - Үгүй ээ, ээж ээ та, арай ч дээ...
  • - Хүү минь, уйлах биш харин баярлах хэрэгтэй юм биш үү? Чамтай холбоо барих гэхээр утас чинь таг. Өдөр судар хамаг юм ингэж таараад байхад бид яах билээ. Чадахаараа л хамаг юмыг бэлдлээ шүү дээ.
  • - Ээж ээ, хамгийн гол нь...
  • - Хамгийн гол нь хоёр хүүхэд минь аз жаргалтай л амьдрах хэрэгтэй. Ээж нь ч охиноо өгөөд явуулна гэхээр сэтгэл төвдөхгүй л байна гэснээ юу юугүй уйлаад эхэллээ. Өнөөх бөөгийн явдлаас өөрөөр ээжийнхээ уйлахыг олон хараагүй би ч сандран, учраа олохгүй байснаа дагаад мэгшүүлчихэв. Ээж охин хоёр бие биенээ тэврээд жаал уйллаа.
  • - За өвчин зовлон болсон биш муу ёртой гэдэг нь, битгий усан нүдэлцгээ. Хөгшөөн, чи битгий хүүхэд уруу татаад бай. Миний охин одоо өөрөө бэлдэх юм байвал тэрийгээ хий.
  • - Үгүй ээ, ааваа би Түвшинтэй сууж болохгүй ш дээ.
  • - Юу болохгүй гэж?
  • - Би тэр хүнд хайргүй.
  • - Чи чинь хайртай дуртай гээд л гэртээ авчирсан юм биш үү?
  • - Бишээ, тэр чинь андуурал.
  • - Битгий дэмий юм яриад бай. Муудаж сайдсанаа хоорондоо л учраа ол. Амьтан ах дүү хамаг хүмүүст урилгаа тараачихаад байхад.
  • - Анхнаасаа хурим хийнэ гэж би зөвшөөрөөгүй биз дээ. Надаас ядаж асуухад яадаг юм бэ? Би л лав хийхгүй шүү энэ хуримыг чинь.
  • - Уухай, бага галзуураарай чи. Байтлаа ийм юмаар тоглоом хийдэг болоо юу одоо. Маргааш хуримтай, өөр яриа байхгүй.

Дахиж надтай үг солихгүйн тэмдэг болгож аав босоод явчихав. Царай нь хүрэнтэн барайж дэлбэртлээ уурласан нь илхэн. Ээжид хичнээн тайлбарлах гээд сонсохыг ч оролдсонгүй, надаас зугтаан гарч орон дөлнө. Би ч дотроо яах учраа олсонгүй. Ханхүүгийн сүйт бүсгүйгээ тэвэрсэн дүр зураг байн байн үзэгдэхэд шарандаа Түвшинтэй хуримлачихсан ч яадаг юм гэж бодогдоно. Нөгөөтэйгүүр найр хурим гэгч нэг насны хамгийн чухал явдал болохын хувьд ийм хөнгөн хуумгай хандаж, өөрийнхөө, Түвшингийн, хүүхдийнхээ ч хувь заяагаар тоглож боломгүй. Гэтэл ингээд л Түвшингийн гэргий болох нь миний тавилан ч юм шиг. Хувь заяа цаанаасаа ингээд тохируулчихсан юм гэмээр. Тэгээд Ханхүүгийн эхнэрээ дагуулан урдуур тохуурхах мэт өнгөрөх дүр зураг буумагц, хүүхдээ хөтлөн дэргэдүүр нь ганцаар зөрнө гэдэг байж боломгүй мэт бодогдоод болсонгүй. Би хувь заяаны эргэлтийг дагах тэнэг ч байж болох, эрсдэлтэй шийдвэрийг гаргалаа.

Маргааш өдрийн мандах нарны туяаг хармагцаа хамгийн хүнд шалгалтандаа бэлдэж амжаагүй орохоор зэхэх хүүхэд шиг бие, сэтгэл хөндүүрхэн арай гэж орноосоо өндийв. Болдогсон бол өнөөдөр гэдэг өдрийг видео хальс шиг гүйлгэж орхиод нөгөөдөр шууд очмоор бодогдоно. Өглөөнөөс хойш завсар зайгүй ээжийн залсан үсчин, гоо сайханчаар нүүр амаа будуулж, үс гэзгээ янзлуулж, эцэст нь хуримын даашинзаа өмсөөд толины өмнө зогслоо. Өөрийгөө хараад дуу алдам, тийм л үзэсгэлэн төгөлдөр, гайхам сайхан сүйт бүсгүй болжээ би. Сэтгэлдээ хэдэн зуун удаа төсөөлсөн тэр л зураглал өнөөдөр ингэж биелэлээ олж.

Гоёж гоодон, дээл малгайгаараа хүртэл гангаран хосолсон ээж аав хоёртойгоо шаараар чимэглэсэн хуримын машинд суугаад гэрлэх ёслолын ордон зүг хөдлөхөд ер бусын нэг л гайхам сайхан догдлол намайг бүчинэ. Хичнээн удаа бусдын хуримыг атаархан харж, сэтгэл догдлон байлаа, гэтэл өнөөдөр би өөрөө гэрлэх гэж, айлын гэргий болох гэж байна гэдэг зүүд ч юм шиг. Хуримын ордны үүдэнд таних танихгүй олон бужигнан, хөл хөдөлгөөн дүүрэн, Түвшингийн хамаатнууд ч чамгүй олон ирсэн бололтой. Би нүдээрээ түүнийг хайсан ч харагдсангүй. Машины цонхоор Түвшинг сураглан гүйх үеэлээ дагуулан харах боловч Түвшин үзэгдсэнгүй.

Товлосон цаг ойртох хэдий ч Түвшин ирсэнгүй нь тэнд цугласан олны сандрах шалтгаан болов. Утас руу нь залгаад холбогдохгүй, хаа явааг нь ч мэдэх хүнгүй. Түрүүхэн түүнтэй гэрлэнэ гэхээс эргэлзэн сандарч байсан би хүртэл хурдхан ирээсэй гэж яаран хүлээж сууна. Хүмүүс үймэлдэн, хүргэнээ ирэхгүй байх вий гэж сандарсан ээж аав хоёр минь хөөрхий сандарцгаана. Гэтэл миний утас дуугарлаа.

  • - Мандхай хуримын ордны ард хүрээд ир дээ. Хэнд ч битгий мэдэгдээрэй.

Нөгөө эрж хайгаад байсан сүйт залуу нь надруу сэмхэн ийн залгажээ. Даашинзан дээрээ гадуур хувцсаа өмсөөд, хүний нүд хариулан байж, хуримын ордны ард хүрвэл, Ханхүүгийн цагаан жийп зогсоно. Сайн харвал урд нь Түвшин Ханхүү хоёр сууж байх шиг. Ойртоод очвол үнэхээр гоёлын хувцастай хоёр залуу нэг машинд намайг хүлээгээд сууж байх нь тэр.

Түвшин гайхан мэлэрсэн намайг хараад шоолох мэт инээмсэглэснээ, гэмшингүй суух Ханхүүгийн гарт миний гарыг атгуулж, өнөөх л дөлгөөхөн сэтгэл татам янзаараа,

  • - Мандхай найз нь удаан бодсон. Үнэхээр чамтай гэрлэчихдэг юм билүү ч гэж тээнэгэлзэж байлаа өчигдөр оройг хүртэл. Гэхдээ би хайртай хүнээ жаргалтай явахыг хармаар байна. Харин тэр жаргалыг чамд Ханхүү чинь л өгч чадна гэдгийг эцэст нь ойлгосоон. Миний хоёр найз жаргалтай сайхан амьдраарай хэмээн өгүүлэв.

Миний сэтгэлийн бөглөө сая л онгойж, будаж гоёсон нүүрээ ч хайрлалгүй нулимс мэлмэрүүлэн урсгаж, миний төлөө бүхнийг хийсэн сайхан сэтгэлт залууд талархлаа илэрхийлэн тэвэрлээ. Хэн нэгнийг хайрлана гэдэг өөрийн хүссэнээ авахын нэр бус, хайр сэтгэлийнхээ төлөө өөрийгөө ч золиослох зоригтой байх ёстойг надад, бас Ханхүүд батлан ойлгуулсан түүнд хичнээн талархавч баршгүй.

Ханхүү гарыг минь ахиад тавихгүй гэсэн шиг чанга атгана. Миний эргэлзээ гомдол тээнэгэлзээ бүхэн түүний бүхнийг амлан өгүүлэх харцанд таягдан хаягдлаа. Миний өмнө төгс биш эр хүн сууж байна. Магадгүй хариуцлага хүлээхээс айдаг, дураараа, зөрүүд нэгэн. Гэхдээ амьдралын их далайд би төгс эр хүний гараас биш, харин хайртай хүнийхээ гараас атган орох шийдвэр гаргахдаа өчүүхэн ч эргэлзээгүй юм.

Ингэж би хайртай хүнийхээ гараас атгаад хуримын ордны үүдээр алхан орох мөрөөдлөө биелүүлсэн юм. Эцэг эхийнх нь хүчээр зохион байгуулсан сүй тавих ёслолоос Ханхүүг Түвшин оргуулан авчирч, үл ойлголцлын ээдрээт утасны зангирааг тайлж өгснөөр хос зүрх ахин золгож, нэгэн гэр бүл хайр сэтгэлээр амьдралын галаа асаах үүд нээгдсэн хэрэг. Түвшин аав ээждээ учраа тайлбарлан ойлгуулсан учир, азаар тэд хуримын ордон хүртэл ирж бөөн хэрэг мандсангүй.

Сарын дараа жинхэнэ хуримаа бид хийж, ээж аав хоёрын минь сэтгэл амарсан билээ. Ханхүүгийн ээж аав хоёрт хөл хүнд бэрээ хүлээн зөвшөөрөн, товлосон байсан хуримын төлөвлөгөөгөө өөрчлөх зэрэгт цаг хугацаа хэрэгтэй байсан тул бүтэн сарын дараа эцэст нь бид хоёр гэрлэх ёслолоо үйлдсэн нь энэ. Түүнийхээ нүд рүү ширтээд ариун хайрын тангаргаа өргөж, гал голомтоо бадраах мөчид амьдралын утга учир нь бусдыг хайрлах хийгээд, тэр хайрынхаа хүчээр урагш тэмүүлэх гэдгийг хэзээ ч мартагдашгүйгээр бид мэдэрсэн. "Надтай гэрлэсэнд баярлалаа" гэсэн үгэнд нь ирээдүйн амьдралынхаа итгэлийг бөхлөн хадсан. Саяхан хүртэл хариуцлагаас айх жаахан охид хөвгүүд байсан бид томоожих цаг нэгэнт иржээ.

Салхи шиг чөлөөтэй ганц бие бүсгүй хариуцлагатай, намбалаг гэргий, ээж болох хүртэлх богинохон адал явдал минь энд хүрээд жаргалаа. Амьдрал, хайр сэтгэлийн зах зухаас таних гэж төөрөн будилах мөч бүрт хамт байсан уншигч танд талархая. Хайр сэтгэлийн мөнхийн гал зүрх сэтгэлд нь жаргашгүй бадрахын ерөөлийг миний зүгээс аз жаргалыг бэлгэдэгч хос цагаан тагтаанд дайн таны зүг нисгэлээ.  Таныг хайрын тэнгэр ивээг!  
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Уран зохиол | Үзсэн: 1101 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 3
3 Док  
0
анх энэнтэйгээ авахуулсан хуримын хувцастай зургаа өрөөндөө авчраа биз дээ, тэгээд аав ээж нь өөр хүн ирэхэд таньдаггүй айн
хүний хувь заяагаар тоглож болохгүй дээ, Түвшин гэж...

2 Unshigch  
0
zlzl shal t1 sanagdchihlaa yoooy etsest ni tgd ter tsarailag shan ged bga shalig yavdalt yumtaigaa suuj bgan muu te chotgor av gej ter shan setgeltei zaluug bodhoor hmmmmm ireeduig chini neg harhinsan tosoolson shige shan bj chadaj bnu uu ntr ged sda shal demii unshij bur uur hurchlee angry

1 gabriela  
0
aay yun lag tugsdiin kk minii hair durlal amidral bas iim bgasai bur uyarchlaa kkkk goyii goyiin

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]